Монголд анх удаа зохион байгуулагдаж буй “Online Media Awards 2013” арга хэмжээ энэ сарын 19-нд болох билээ. Тэгвэл “Online Media Awards 2013”-ын эхний шатны шалгаруулалт маргааш буюу 13-ны өдөр албан ёсоор эхлэх гэж байгааг дуулгаж байна. Тодорхой хэлбэл, 11 шилдэг номинацид нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өнөөдрийн 00.00 цаг хүртэл үргэлжлэн өндөрлөх юм. Тэгэхээр онлайнд суурилсан сэтгүүлзүй, иргэний сэтгүүлзүйн хавсарсан давалгаагаар нийгэмд гэрэл гэгээ дагуулж байгаа хэн бүхэнд нэрээ дэвшүүлэх хэдэн цагийн боломж үлдээд байна. Мэдээж нэр дэвшүүлэхэд элдэв цаас бичиг нэхэж, чирэгдэл үүсгэж таныг зовоохгүй. Бүх зүйл онлайнаар явагдах тул та www.onlinemedia.mn веб сайт руу ороод л хүссэн номинацидаа бүртгүүлэх боломжтой гэдгийг дахин хэлье.
Онлайн салбарт орон зайгаа эзэлсэн та бүхэн onlinemedia.mn сайтын НЭР ДЭВШҮҮЛЭХ хэсэгт нэвтэрч орсноор:
1. Оны Шилдэг сайт
2. Оны Шилдэг нийтлэлийн бодлогoтой сайт
3. Дебьют сайт
4. Оны Шилдэг төрөлжсөн сайт
5. Оны Шилдэг орон нутгийн сайт
6. Оны Шилдэг төрийн байгууллагын сайт
7. Оны Шилдэг блог
8. Оны Шилдэг жиргээч
9. Оны Шилдэг facebook page&group
10. Youtube Хамгийн их үзсэн видео
11. Сайтаар хамгийн их бичигдсэн хүн гэсэн номинациудад нэрээ дэвшүүлэх боломж нээлттэй.
Эхний шатны шалгаруулалт энэ сарын 13-18-ны өдрүүдэд нийт интернет хэрэглэгчдийн дунд онлайнаар санал хураалт авах замаар явагдана. Интернэт хэрэглэгч санал өгөхдөө facebook&twitter хаягнаасаа нэг номинацид нэг л удаа санал өгөх эрхтэй юм. Улмаар номинаци тус бүр дээр 3 нэр дэвшигчийг шалгаруулж, сүүлийн шатанд үлдээх юм. Сүүлийн шатны шалгаруулалт 19-ний өдөр “Бэст Вестерн Премьер Туушин” зочид буудлын СОЁМБО танхимд болно. Шалгаруулалтын үнэн шударга байдалд эргэлзэх ямар ч шаардлагагүй гэдгийг эрхэм та бүхэнд хэлэх байна. Учир нь ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн 250 зочин гар утсаараа sms илгээн номинаци тус бүрээс 1 шилдгийг шалгаруулна. Тэдгээр зочдыг найрах, худалдаж авах, лобби хийх боломж байхгүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж буй. Ерөөс энэхүү арга хэмжээ нь хэдэн сайтын редакцийн хэдхэн захирал сууж байгаад шагнал хувааж авч байгаа хэрэг огт биш. Онлайн салбараа бүтнээр нь харж, улмаар нийгэмдээ нэмж гэрэл гэгээ тусгах зорилго дор зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ юм. Нэмж хэлэхэд, Мэдээллийн сайтуудын ассоциациас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар дэмжин ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )