"Алтай" констракшн компани "Оргил" рашаан сувиллын ойролцоо "Алтай хаус" хотхон, Төв шуудангийн баруун талд "Express tower" оффисын барилга, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд "Нархан" хотхон, УДЭТ-ын театрын урд "Элит" хотхон зэрэг хотын "A" зэрэглэлийн бүсэд орон сууцны хороолол, оффисын барилга барьсан, нэр хүндтэй томоохон барилгын компанидын нэг билээ. Харамсалтай нь, өндөр үнэтэй орон сууцандаа захиалга авахдаа гэрээний заалтаар төөрөгдүүлж, иргэдийг хохироосон тохиолдол гарсан байна. Тодруулбал, тус компанийн барьсан, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо УДЭТ-ын урд байрлах 75 айлын 15 давхар тансаг зэрэглэлийн орон сууцанд иргэн Т 156 метр квадрат талбай бүхий орон сууцыг нэг метр квадратыг нь 2500 ам.доллараар тооцон, гараажийн хамт захиалж, 2012 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 79 тоот гэрээг "Алтай" констракшнтай байгуулжээ. Ингэхдээ урьдчилгаа төлбөр болох байрны үнийн дүнгийн 80 хувиа графикийн дагуу төлөөд үлдсэн 20 хувь болох 78000 ам.долларыг байр ашиглалтад ороход буюу түлхүүрээ авахдаа төлөхөөр гэрээ байгуулжээ. Гэтэл өнөөх захиалсан орон сууц нь гэрээнд заасан хугацаанд буюу 2012 оны хоёрдугаар улиралдаа ашиглалтад ороогүй байна. Өөрөөр хэлбэл, 2012 оны зургадугаар сарын 25-ны өдөр баригдаж буй барилга дээр ирэхэд орон сууцны өрөөний дотор зохион байгуулалтыг ч хийгээгүй байжээ. Тиймээс захиалагч "Алтай" констракшн ХХК-д гомдол гаргаж үүргээ биелүүлэхийг шаардан тэр болтол төлбөрийг төлөхгүй гэсэн байна. Харин 2012 оны долдугаар сарын 3-ны өдрийн байдлаар орон сууцны өрөөний зохион байгуулалтыг хийгээгүй байснаа "Алтай" констракшн хүлээн зөвшөөрч доорх албан бичгийг ирүүлжээ. 
Захиалагч энэхүү албан бичгийг авсан өдрийнхөө маргааш графикийн дагуу төлөх байсан төлбөрөө төлж дуусгасан аж. Гэтэл сүүлийн төлбөр хийгдсэнээс хойш бүтэн нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад "Алтай" констракшн ХХК орон сууцыг нь хүлээлгэн өгсөнгүй.
2012 оны хоёрдугаар улиралд ашиглалад орох учиртай байр нь 2013 оны хоёрдугаар улирал хүргэсэн гэсэн үг юм. Энэ хугацаанд байраа ашиглалтад орохыг хүлээсэн захиалагч өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байна. Иймээс гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй "Алтай" констракшн ХХК-д хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандсанаар илт өөрийнхөө талд үйлчилсэн гэрээг захиалагчтай байгуулсан нь илэрчээ. Угтаа бол адилхан үүрэг хүлээж байгаа хоёр тал адил тэгш хариуцлага хүлээх учиртай.
"Алтай констракшн" 135 сая төгрөгийг барагдуулах шийдвэр гарчээ
Захиалсан байр нь хугацаандаа ашиглалтад ороогүйгээс их хэмжээний хохирол амссан захиалагч хугацаа хэтрүүлсний алдангид 135 сая төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхээс "Алтай" констракшн гэрээний 7.7-д орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон тохиолдолд 31 дэх хоногоос хэтэрсэн сар тутамд нийт төлсөн мөнгөн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож захиалагчид төлнө" гэсэн нь иргэний хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байгааг тогтоожээ. Тиймээс гэрээний заалт нь утга агуулгын хувьд алданги тооцохоор тохирсон заалт байтал үүнийг хоног тутамд бус сар тутамд тооцохоор зохицуулсан нь буруу гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, захиалагч иргэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол хоног тутам, гүйцэтгэгч төлбөрөө төлөөгүй бол сар тутам алданги тооцохоор зааж, иргэдийг төөрөгдүүлсэн байна. 

Гэрээний заалт иргэдийг төөрөгдүүлж байна
"Алтай констракшн"-ийн зүгээс гэрээний графикаар төлөх байсан төлбөрийг хугацаандаа төлөөгүй, төлсөн ч сарын 0.1 хувир тооцон төлнө гэж гүрийсээр. Харин иргэн Т-ийн хувьд өөр тайлбар хэлж байгаа юм. Тодруулбал, гүйцэтгэгч орон сууцыг 2012 оны хоёрдугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй" гэж заасан нь гэрээний хугацаа, үр дүн буюу гэрээний зүйлийг тодорхойлсон зохицуулалт. Гэтэл төлбөр төлөх хугацааг цөөн хоногоор хэтрүүлсний төлөө гэрээний хугацаа, үндсэн үүргээ биелүүлэхгүй байхаар зохицуулж, хууль зөрчжээ. Гэрээний 7.6 дахь заалтаар бол гэрээний төлбөрийг төлөх хугацааг захиалагч нэг хоног хэтрүүлэхэд "Алтай" констракшн ХХК орон сууцыг захиалан барьж өгөх үндсэн үүргээсээ татгалзах, гэрээнд заасан үр дүн буюу гэрээний зүйлийг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэггүй байхаар зохицуулсан байна. Мөн иргэдийг төөрөгдүүлсэн бас нэг ноцтой зүйл нь "Алтай" констракшн байраа хугацаанд нь ашиглалтад оруулаагүй бол хугацаа хэтрүүлсэн сар тутамд нийт төлсөн мөнгөний 0.1 хувийн алданги төлөхөөр заасан явдал.
Захиалагч 332.000 ам.долларын мөнгөн хөрөнгөө олон сар үр ашигггүй байдалд оруулж, багагүй хохирол амссан. Тиймээс алданги тооцож авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2013 оны аравдугаар сарын 28-ны өдөр СБД-ийн шүүхээс хууль зөрчсөн заалтаар гэрээ байгуулан, барилгыг ашиглалтад оруулах хугацааг хоцроосон гэж үзээд "Алтай констракшн"-аас 93956 ам.долларын алданги гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд тооцоо хийж, орон сууцандаа орох гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал Х.Батбаасан, өмгөөлөгч Г.Мөнхболд нар "Орон сууцыг хүлээлгэн өгөхгүй, барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээг буцааж өөр хүнд зарна. Дараагийн шатны шүүхэд бид ялна. Чамд нэг ч төгрөг өгөхгүй" зэргээр үл тоомсорложээ. 
Иргэний хуулийн 232.6-д "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ." гэж тодорхойлсон. Алданги гэсэн нэр томъёог хэрэглэж байгаа бол хоног тутамд л 0,5 хувь хүртэл хэмжээгээр тооцох хүрээг нь тов тодорхой хуульчилж өгчээ. Ингэж л гэрээнийхээ заалтаар иргэдийг төөрөгдүүлж, эцэст нь иргэнд учруулсан хохирлоо төлөхгүй байхаар хичээж явна.
"Алтай констракшн" улсын комисст буруугаа наахыг санаархав уу?
Иргэний ирүүлсэн мэдээлэл, баримтыг үндэслэн мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Алтай констракшн"-ийн хуулийн зөвлөх н.Мөнхболдтой холбогдсон юм. Түүний хэлснээр "Байр хугацаандаа ашиглалтад ороогүй нь бидний буруу биш учраас манай зүгээс хохирол барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Бид барилгын ажлаа 2012 оны долдугаар сард дуусгаад техникийн комисс ажиллуулах хүсэлтээ өгсөн ч комисс бүрдэхгүй байсаар арванхоёрдугаар сард техникийн комисс ажилласан. Бид тухайн өдөр нь улсын комисс ажиллуулах хүсэлтээ гаргаад 2013 оны эхээр улсын комисс байрыг хүлээж авсан. Техникийн комисс болон улсын комисс ажиллах гэж хугацаа алдсан асуудал байгаа болохоос манай компанийн зүгээс үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй. Тиймээс бид иргэн Т-д алданги төлөхгүй гэж үзээд шүүхэд гомдол гаргасан" гэх хариулт өглөө.
Энэхүү орон сууцыг Улсын комисс 2013 оны хавар хүлээж авсан ч өнөөдрийг хүртэл лифт ашиглах зөвшөөрөл нь олгогдоогүй байгаа юм. Мөн Улсын комиссыг ашиглалтад хүлээж авах үед дотор засал нь ч бүрэн дуусаагүй байсан аж. Өөрөөр хэлбэл, танил талтай, мөнгөтэй компани бүрэн дуусаагүй байраа Улсын комисст хүлээлгэн өгснийг гэрчлэх баримт нотолгоо захиалагчид байгаа аж. Ийнхүү гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн иргэн Т орон сууцтай болох гэсэн биш хэдэн жил түрээсийн байранд өндөр төлбөр төлж, цуглуулсан мөнгөө "Алтай" констракшн-д өгснөөр их хэмжээний хохирол амссан жишээг иргэний мэдээллийн мөрөөр баримттай хүргэлээ. Харин "Алтай констракшн" гэрээний үүргээ биелүүлээгүйгээс иргэнд учруулсан хохирлыг төлөхгүй гэж гэдийсээр, шүүхийн шийдвэрт гомдол гаргаад буй.
Шүүх асуудлыг хохирсон иргэний талд шийдвэрлэх үү, байраа хугацаанд ашиглалтад оруулаагүй "Алтай констракшн"-ийн шаардлагыг хангах уу гэдгийг харах л үлдлээ. Дашрамд дурдахад, тус компани "Баянмонго"л хорооллын урд талд гурван га газарт "Саруул" орон сууцны хороолол барьж байгаа гэх мэдээлэл байна. Дахиад гэрээний заалтаар төөрөгдүүлж, иргэдийг бүү хохироогоосой...
Эх сурвалж: www.news.mn
Сэтгэгдэл ( 3 )
elit oron suuts ali hediin ashiglaltand ortson shuu dee ! manaih tend orson . zarim humuus buh zuiliig doviilgoh yumm
Odoo haramsaj ba. Humuusee huulia sudlaj erhee hamgaalj surtsgaay bid uurgee xed daxin iluu bieluuldeg atlaa busdad chaduulsaar baix yum
Shuuxiin shiidver zov. Daraa shatnii shuux ch iim shiidver gsrgana gej itgej ba. Bi eco const-nd bair zahialaad 4 jiliin dataa l orj bsan. Ene xugatsaand setgel sanaa mungu tugrugnii daramtand l amidarch bsan.ingejshuuhdex sanaa turuugui irgenii erhee edleeguidee o