Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлээд байсан юм. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд энэ сарын 18-нд буюу лхагва гаригт 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хурлыг хийх юм байна.
Хуралд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, М.Алдар, өмгөөлөгчөөр Н.Хатанбаатар, Д.Халзан, Н.Энхзаяа, улсын яллагчаар Б.Эрхэмбаяр оролцохоор болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 264.2 буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн 264-р зүйлд гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Харин 150.3-т зааснаар энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Тэдэнд анх төлөвлөж байсан хил дамнуулан зэвсгийн наймаа хийсэн гэх үйлдлийг нь мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгосон бололтой.
Генерал Т.Дашдэлэг нарыг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан юм. Тодруулбал, Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар авсан атлаа онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахаар хандсанаар эл хэрэг олны анхааралд өртөж, ил болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )