ХЭҮТ- ын менежер Г.Түвшинжаргал: Гэр бүлийн батлахтай батлахгүй хамаагүй, хэнийг ч хэн ч зодох ёсгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Сүүлийн өдрүүдэд нийгмийг цочроосон гэмт хэрэг олон гарах боллоо. Тэр дундаа 21 настай эмэгтэй найз залуугийнхаа хорионд хоёр хоногийн турш зодуулж амь насаа алдсан. Эл хэргийн талаарх мэдээлэл  хэвлэл  мэдээллүүдээр гарсаар байна.  Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл  Алтанхүү хохирогч хоёр гэр бүлийн батлахгүй байсныг далимдуулан Алтанхүүгийн гэр бүлийнхэн хуульч нарын баг ажиллуулж, хохирогч эмэгтэйн өмгөөлөгч нарыг дарамталж байгаа аж. Гэр бүлийн хүчирхийллийн талаар болон гэр бүлийн  баталгаагүй тохиолдолд хүчирхийллийн хэргийг хэрхэн шийдвэрлэдэг  талаар ХЭҮТ-ын менежер Г.Түвшинжаргалаас тодрууллаа.

 

-           Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ч гэрлэлтийн батлахгүй байсан бол хэргийг яаж шийдвэрлэдэг юм бэ?

 

-           Гэр бүлийн тухай хуулиар шийдэх боломжтой. Зөвхөн гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хэрэг гэдгээрээ гэрлэлтийн баталгаатай  байхаас шалтгаалж  хариуцлага ноогдохгүй гэдэг зүйл байхгүй. Хуулиараа бол гэрлэлтийн баталгаатай, баталгаагүй ямарч ялгаагүй хариуцлага хүлээгдэнэ. Биед нь хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хуулийн арга хэмжээ авна.

 

-          Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд хэлэхдээ энэ эмэгтэй буруу  зүйл хийсэн. Тиймээс зодсон гэдэг тайлбар өгдөг л дөө. Энэ тохиолдолд яах вэ?

 

-           Хүчирхийлэл гэдэг бол хүний эрхийн зөрчил. Гэмт хэрэг шүү дээ. Тиймээс энэ хүн буруу зүйл хийсэн ийм асуудал гаргасан болохоор  зодож болно. Гэдэг асуудал огтхон ч байхгүй. Асуудлыг эвээр шийдэх гэдэг гарц байна. Хүний эрхэнд халдах ёсгүй. Манайхны нэг буруу ойлголт байдаг л даа тухайн хүн өөрөө буруутай байсан болохоороо зодуулсан хүчирхийлэлд  өртсөн гэдэг. Энэ хамгийн буруу ойлголт. Хичнээн ч буруутай байлаа гээд тэр хүнийг зодох юм уу хохироох асуудал байж болохгүй.  

 

-          Зарим тохиолдолд би зодоогүй. Зүгээр л хашраах гэж айлгасан юм гэдэг?

 

-          Хүчирхийллийг дөрвөн хэлбэрт авч үздэг юм. Бие мах бодийн, сэтгэл санааны,  гэх зэргээр ангилдаг.  Бие мах бодийн гэдэг нь зодох, цохих биед халдах байдлыг  хэлж байгаа юм. Айлган сүрдүүлэх занал хийх ч бас л ялгаагүй хүчирхийлэл. Сэтгэл санаанд үзүүлж байгаа шаналал, дарамт, айдасыг  зодуулсантай ялгаагүй гэмт хэрэг гэж авч үздэг.

 

-          Гэр бүлийн хүчирхийллээс өөрийгөө яаж хамгаалах вэ?

-          Гудамжинд юм уу хаа нэг газар явж байгаад хүчирхийлэлд өртөхөөр тэр дор нь цагдаагийн байгууллагад  хандаад шийдүүлдэг. Гэтэл гэр бүлийн хүрээнд  үйлдэгдэж байгаа хүчирхийллийг гаргаж ирэхэд маш төвөгтэй байдаг юм. Хүчирхийлэлд өртөж байгаагаа мэдэж байгаа ч гэсэн хаана хандаж байгаагаа мэдэхгүй. Нөхөртөө  зодуулснаар  хуулийн дагуу арга хэмжээ авахуулах асуудал мөн үү биш үү гэдгийг зарим нь мэдэхгүйгээсээ болоод хүчирхийллийг даамжруулах цаашлаад эрүүл мэнд амь насаараа  хохирох асуудал гарч байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол гэмт хэрэг юм. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлж эрхээ хамгаалуулах эрхтэй.

-          Найз  залуудаа зодуулж харамсалтайгаар амиа алдсан 21 настай бүсгүйг дотор эрхтэний өвчтэй байсан. Хэдэн хувь өвчнөөс шалтгаалсан. Хэдэн хувь нь зодуулсанаас болсоныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт гарна гээд байгаа?

-          Ямар ч тохиолдолд  найз залуугийнхаа хүчирхийлэлд өртөх ёсгүй. Тэр хүн өвчтэй өвчгүй байсан нь хамаагүй. Гар хүрсэн ямар нэгэн дарамт үзүүлсэн л бол хуулийн хариуцлагаа хүлээх ёстой. Хүчирхийлэл гэдэг бол нэг  эхэлсэн л бол улам даамжирдаг. Улам газар авдаг дахин дахин үйлдэгддэг хамгийн хэцүү хүнд асуудал үүсгэж байдаг  асуудал. Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлсэнээр л хүчирхийлэл үйлдэхийг зогсооно. Тиймээс эмэгтэйчүүд нэг удаа л гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол холбогдох хууль хяналтын байгууллагад  хандах хэрэгтэй. Нэг үйлдэгдсэн хүчирхийлэл  дахиж заавал давтагдах гээд байдаг. Эр хүн нэг гар хүрсэн бол дахиж заавал хүрдэг гэж хүмүүс ярьдаг нь үнэн юм.

 

Н.Ганчимэг

 

   

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batuk(202.179.20.164) 2025 оны 03 сарын 13

21-tei taligaachbusgui maani dotor erhten ni hund uvchitei baisan bol Altanhuu-d nogdoh yal yaj shiidegdeh yum... yavj yavj ugaasaauheh gej bsn biye-tei hun geh gej bgaan bn l daa. tegehgui shu... Ter muu novsh zaaval uurtuu taarsan shangaahurtene

1  |  0
Top