Монголын анхны бизнесийн инкубатор амжилтаар дүүрэн 10 настайгаа золголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Монголын анхны бизнесийн инкубатор болох мэдээллийн технологийн инкубатор нь 2003 оны 9 сард Мэдээллийн технологийн үндэсний паркын бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа эхэлж, анхны бойжигч компаниудаа сонгон шалгаруулж байрлуулнаас хойш эдүгээ 10 дахь намраа үдээд байна. 

 

Өнгөрсөн 10 жилд нийт 19 удаа элсэлт зохион байгуулж, 250 орчим ААН, иргэнийг сонгон шалгаруулалтанд хамруулснаас 84 компанийн 750 гаруй  ажилтанд инкубаторын үйлчилгээ үзүүлжээ. Эдгээр 84 компаниас 54 нь инкубаторыг амжилттай төгсч, дотоодын зах зээлд хөлөө олон ажиллаж байгаагаас програм хангамжийн салбарын түүчээ болсон Интерактив, ЕСМ, Старсофт, Юу Эс Ай компаниудаас өгсүүлээд зах зээлд бүтээгдэхүүнээрээ хэдийнээ танил болсон Оргилсофт, Май Тех, Болорсофт, Синглтонгээд олон залуу компанийг нэрлэж болно. Эдгээр компаниуд салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан өсөн дэвжсээр байна.

 

Манай мэдээллийн технологийн инкубатор 20 дахь хамгийн отгон элсэлтээ 2013 оны 11 сарын 29-нд зохион байгуулж, 11 компани, 4 иргэнийг сонгон шалгаруулалтанд хамруулснаас Эс Ай Эс, Алкемист техноложис гэсэн 2 компанийг  хүлээн авахаар боллоо. Энэ 2 шинэ залуу компани болон инкубаторт элсэхийг хүсч байгаа олон олон залуус цаашид салбарын хөгжлийг гартаа авч, шинэ санааг бүтээгдэхүүн болгон хувиргаж инноваци хийхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах нь дамжиггүй ээ.

 

Нийт төгсөгч компаниуддаа Мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээний 10 жилийн ойн мэнд хүргэе.


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top