МХЕГ-аас архи согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Энэ онд улсын хэмжээнд архины 21, спиртийн гурав, дарсны хоёр, шар айргийн хоёр нийтдээ 28 үйлдвэрт хяналт шалгалт хийх байснаас 19 үйлдвэр шалгалтанд хамрагдсан байна. Шалгалтаар нийт 85 зөрчил илэрснээс газар дээр нь есийг арилгуулсан аж.
Тухайлбал, “Мон-Эрдэнэ” ХХК мэргэжлийн технологичгүй, “Хээр адуу” ХХК-ийн архи спиртийн үйдвэрүүд нь хэмжих хэрэгслийг тогтоосон хугацаанд улсын баталгаажилтанд хамруулаагүй,баталгаагүй тоолуур ашигласан хуулийн дагуу тус бүр 400 мянган төгрөг, зөрчил гаргасан таван албан тушаалтныг 1.884.800 төгрөгөөр торгосон байна.
Мөн Аж ахуйн нэгж дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг хэрэгжүүлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 17 үйлдвэрийн 30 хүнийг хамарсан сургалт зохион байгуулсан байна.
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХХҮҮ-ний хүнсний аюулгүй байдлын улсын байцаагч Ш.Сэргэлэнгээс тодрууллаа.
-Одоогоор нийслэлд архины үйлдвэрлэдэг хэдэн үйлдвэр байна вэ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас архи согтууруулах ундааны үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарт хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар нийслэлд архи согтууруулах ундааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 33 үйлдвэр байна. Өмнөх жил хяналт шалгалтанд ороогүй мөн зөрчилтэй байсан үйлдвэрүүдэд мөн шалгалт хийсэн. Зөрчилтэй аж ахуй нэгжүүдийг есдүгээр сарны 17-ноос хойш сарын хугацаанд хугацаа өгч зөрчлийг арилгуулсан байгаа.
-Энэ үйлдвэрүүдэд нийтлэг ямар зөрчил илэрч байна вэ?
-Архи согтууруулах ундааны үйлдвэрүүдэд нийтлэг зөрчил дутагдал нь ажлын байртай холбоотой зөрчил илэрч байна. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэртээ урсгал засвар хийгээгүй стандартын шаардлага хангаагүй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан. За мөн дотоод бүртгэл хяналтыг тавихгүй байгаа бүртгэл хөтлөлт дутуу зэрэг зөрчил илэрч байсан.
Мөн зарим үйлдвэрүүд спиртийн шугам битүүжилтийн системээр явах ёстойг зөрчсөн нийтлэг зөрчлүүд илэрсэн.
-Архины үйлдвэрүүд тусгай зөвшөөрлөө хаанаас, хэдэн төгрөгөөр авдаг вэ. Бүтээгдэхүүн чанарын хувьд хэр байна вэ?
-Ер нь согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг олгохдоо Засгийн газрын хуралдаанаар сонгон шалгаруулалтын журмаар олгодог байгаа. Сүүлийн гурван жилийн байдлаар таван үйлдвэр тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй байсан. Энэ тусгай зөвшөөрлийг 50 сая төгрөгөөр авдаг. Зарим жижиг үйлдвэрүт тэр их мөнгийг төлөхөд хүндрэл үүсч байгаа. Харин бүтээгдэхүүн чанарын хувьд сайжирсан байгаа. Зарим иргэд хуурамч архи хийж зах зээлд нийлүүлдэг гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Энэ нь бас бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөгийг иргэд маань сайн ойлгох хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )