Мах махан бүтээгдэхүүний 25 үйлдвэрт зөрчил илэрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Ингэхдээ Сүхбаатар дүүргийн  "Озеро байкал" компанийн загасны мах ангилан савлах үйлдвэр болон "Эхийн лха" ХХК- ийн бууз, баншны үйлдвэр, Архангай аймгийн "Отор", "Өег", "Цахиур"  буузны цехүүд болон Сүхбаатар аймгийн "Сүж хамтын хүч" нөхөрлөлийн махан бүтээгдэхүүний цехийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ. Шалгалтад нийслэлийн хэмжээнд 38, орон нутгийн 18 аж ахуй нэгж хамрагдсан байна. Мах, махан  бүтээгдэхүүний 25 үйлдвэрт зөрчил илэрсэн бөгөөд 21 нэр  төрлийн   бүтээгдэхүүнээс  364  дээж авч дөрвөн лабораторит 858 сорьц  шинжлүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн "Сүж хамтын хүч" нөхөрлөлийн үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүн дэх нянгын тоо стандартад зааснаас их гарчээ. Харин нийслэлийн "Тэр их нуур" ХХК, "Шимт-Өргөл" ХХК, "Хөх сайр" ХХК,  "Сүбо" зэрэг компанийн үйлдвэрийн барилга шаардлага хангахгүй нь тогтоогдсон байна. Мөн Архангай аймгийн "Сэрүүн хангайн зам" ХХК-ний хиамны цех, Дархан-уул аймгийн "Дархан болор ган" ХХК-ний "Амттан" буузны цех, "Дэ Со Ар" ХХК-ний "Азын бууз" буузны цех, "Очир голомт" ХХК-ний "Дээж" буузны цех, "Хотол монгол" хиамны цех зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн барилга байгууламжийн 50 хувь нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, гэрэлтүүлэг хангалтгүй, таазны будаг шохой ховхорч унасан байжээ.

Дээрх газруудын 41 хувь нь бүтээгдэхүүнийг  сэврээж сойх зориулалтын өрөөгүй, халдваргүйжүүлдэггүй, ажлын байрны хана, шал, таазны өнгөлгөө ховхорч, хуурч унасан, цонхонд тоос шороо, шавжнаас хамгаалсан торон хаалт хийгээгүй байсан аж. Мөн ихэнх үйлдвэрүүд дотоод хяналтын журам боловсруулаагүй хяналт шалгалтын төлөвлөгөө гаргаагүй, нэгж, ажилтан томилоогүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс дээрх байгууллагуудыг торгожээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BOLD(202.21.113.202) 2025 оны 03 сарын 13

Mash sain ajillasan bna.Bidnii eruul ayulgui amidrax batalgaag tor8 yalanguya toriin xyanalt xangax yostoi shvv.

1  |  0
Top