“ТЭСО” ХХК-ийн зайрмагны үйлдвэрийн ажилчдийн гараас гэдэсний өвчин үүсгэдэг нян их хэмжээгээр илэрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

МХЕГ-аас Нийслэлд болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг зарим сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрт шалгалт хийжээ. Тус шалгалтын явцад “ТЭСО” ХХК-ийн “Айсмарк” зайрмагны үйлдвэрийн түүхий бүтээгдэхүүн зөөвөрлөх савны угаалга цэвэрлэгээ хангалтгүй, үйлдвэрлэлийн шугам, тоног төхөөрөмж, ажиллагсдын ажлын хувцас, гараас авсан арчдасны шинжилгээний 3,5%-д нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн ба угаалга цэвэрлэгээ хангалтгүй, ажлын байранд гар угаах дадал хэвшээгүй байгаа нь “Хүнсний тухай хууль”-ийн 12.1 дэх заалтыг; “Монфрэш” ХХК нь сүүний үйлдвэрийн зарим хэсэгт засвар хийгдэж дуусаагүй, бэлэн бүтээгдэхүүний сагс, савны угаалга хангалтгүй, ажиллагсдын ахуй хангамжийн өрөө шаардлага хангахгүй байгаа нь “Хүнсний тухай хууль”-ийн 10.1.2 дахь заалтыг тус тус зөрчиж байна.

 

       Шалгалтанд хамрагдсан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд давхардсан тоогоор 233 зөрчил илрүүлснээс газар дээр нь 158 буюу 67,8%-ийг арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 109 заалт бүхий 10 албан шаардлагыг хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажилласан байна. Шалгалтын явцад  үйл ажиллагааг зогсоох тухай  6 акт /Чингэлтэй дүүргийн “Сүндэр баянбулаг” ХХК-ийн хайлмагийн цех, Архангай аймгийн “Ар банч” хоршоо, Дархан-Уул аймгийн “Дархан Халдун” ХХК, Сүхбаатар аймгийн “Пингу”, “Сүж-Хамтын хүч” нөхөрлөлийн зайрмагны цехүүд/, бүтээгдэхүүн устгах тухай 1 актыг тус тус  үйлдэж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 5 аж ахуйн нэгжид 1.263.400 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулсан байна.

 

      Шалгалтын явцад 16 нэр төрлийн 96 бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлэхэд 15,4%-д нь нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их, арчдасны шинжилгээний 6.3% нь эерэг үзүүлэлттэй гарч, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Шалгалтын явцад шинжилгээний бичиггүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн 15,000 төгрөгийн 3 төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч, орон нутгийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах орон тооны бус зөвлөлд  шилжүүлсэн байна.

 

     Дархан-уул аймгийн “Дархан халдун” ХХК, Сүхбаатар аймгийн “Пингу”, “Сүж-Хамтын хүч” нөхөрлөлийн зайрмагийн цехүүдэд илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч,  үйл ажиллагааг түр зогсоожээ. Хяналт шалгалтанд хамрагдсан төв, орон нутгийн 29 ААНБ-ын ажиллагсдад  “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-иар байгууллагын сургалтанд нийт 113 хүнийг хамруулан зохион байгуулсан байна. /МХЕ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

Сэжгийн юмнууд. Халдвартай тантангууд

1  |  0
Top