Байгаль орчны гэмт хэргийг мөрдөхөд мэргэшүүлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

 Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх мэргэшүүлэх сургалт саяхан боллоо. Сургалтанд БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, УМБГ-ын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал болон  нийслэл, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч, Нийслэлийн прокурорын газрын прокурор, албан хаагчид оролцов. Мэргэшүүлэх сургалтыг байгаль орчны гэмт хэргийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэх, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлж мэргэшүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологийг эзэмших чадварыг хөгжүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах  зорилгоор явуулсан юм. Сургалтанд оролцогчдод БОНХЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд хичээл зааж, хээрийн дадлага сургалт хийв.

Хээрийн дадлага сургалтаар: СХД-ийн 21 дүгээр хороо 361-ийн гарамнаас баруун тийш 1.2 км-т 3.5 га  эвдэгдэж, нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон талбайд оролцогчид 3 хэсэгт хуваагдан хэргийн газрын үзлэг хийжээ. Тэд эвдэгдсэн газрын координат бүхий солбилцолын цэгийг тодорхойлж, “GPS” буюу орон зайн байрлал тогтоогч, лазерийн зай хэмжигч, камер, фото аппарат зэрэг техник хэрэгслийг үзлэгт хэрхэн ашиглах талаар дадлага хийсэн байна. Мөн 52-ын давааны чиглэлд Баянхангай жуулчны баазын хажуугийн ууланд хууль бусаар мод бэлтгэсэн  газарт үзлэг хийж, 22-ын товчооны журмын  хашаанд байгаа модтой автомашинууд, Төмөр замын 361-ийн гармын баруун замаар зорчиж байсан бүхээгтэй автомашинуудын гарал үүслийн гэрчилгээний бичгийг шалгаж, зөрчил  илрүүлэн ажилласан байна. Сургалтанд шаардагдах техник хэрэгслийг худалдан авахад БОНХЯ-ны Байгаль хамгаалах сангаас дэмжлэг үзүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top