“Нийслэлийн 16-р сургууль саяхан засвар хийсэн. Будагны үнэр ихтэй хүүхдийн сурах орчинд тав тухгүй байна” гэж удаа дараа мэдээлэл ирүүлсэн иргэдийн санал хамар сэтлэх гэж байлаа. Сургуулийнхаа ханыг нэлэнхүйд нь будсан аж. Сургууль дотор 30 минут хэртэй болоход л будагны үнэрт толгой өвдөж байсан юм. Бас болоогүй ээ, цагаа олоогүй их засвараас болж хүүхдүүдийн толгой тархи өвдөх тохиолдол олон байлаа.
Бүх сургууль цэцэрлэгүүд зуны амралтаар засвараа хийж, намар хүүхдүүдээ хүлээж авдаг. Гэтэл тус сургууль яаагаад дүн өвлийн хүйтнээр засвар хийж ийнхүү хүүхдүүдийн ая тухтай байдлыг алдагдуулж байгаа талаар удирдлагуудаас нь асуух гэсэн боловч эзгүй байлаа. Харин багш нараас асуухад “Зун будаагүй болохоор оноос өмнө сургуулийнхаа дотоод тохижилтонд анхаарч л будсан байх. Харьцангуй хурдан хатдаг болохоор хүндрэл гээд байх юм алга” гэсэн юм. Багш нар нь ийм зүйл ярьж байгаа ч саяхан засвар хийгээд будаг нь ч хатаагүй байгаа сургуульд хүүхдүүд байтугай том хүмүүс олон цагаар байж чадахгүй гэдгийг тэнд очсон хүмүүс хэлнэ. Тэгээд ч өвөл будсан будаг хэвийн байдлаар хатаж, бэхжих нь юу л бол.
Тэгээд ч төсөв хөрөнгө нь байсаар атал зуны амралтын үеэр яагаад засвар хийгээгүйг нь тайлбарлачих хүн захирлаас нь өөр байхгүй гэнэ. Гэтэл захирал багш өөрөө будагны үнэртэй сургуульдаа байсангүй.
16-р сургууль хуучнаар монгол гуравдугаар сургуулийн ард талд байрладаг. Хотын А зэрэглэлийн бүс гэж байдаг бол. Энэ хэсэг Улаанбаатарын “алдарт” утааны жинхэнэ А зэрэглэлийн бүс болсон газар. Хойд зүгийн гэр хорооллоос тунарч орж ирсэн их утаа сургуульруугаа явж байгаа хүүхдүүдийн дотор муухай оргитол үнэртдэг. Тэрч бүү хэл хамаг хувцас үсэнд нь утааны үнэр шингээд орно. Харин сургууль руугаа ороод хэдэн цаг утаагаар амьсгалахгүй, дулаахан орчинд тасалгааны агаарт хичээлээ хийдэг байсан бол одоо утаанаас ч бараг долоон дор будагны агаарт суралцаж суудаг болсон аж. Сургууль цэцэрлэгийн засвар тохижилт, сурагчдын сурах таатай нөхцөлд анхаарч хяналт тавьдаг албаныхан байна уу.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )