Улаанбаатарын утаанд угаасаа бид дасчихсан. Хордохоосоо өнгөрөөд, одоо дасал болчихсон. Тэгсэн тэр утаанд нь энэ хорвоогийн хамаг муу муухай хор агуулагдаж байдаг гэнэ. Хар тугалга, хром, цианит бүр цаашлаад цацраг идэвхит нэгдлүүд ч бий гэж эрдэмтэд нотоллоо.
Ийм байсаар атал амьдраад, үржээд, хөгжиж цэцэглээд байгаа улаанбаатарчуудыг магтан дуулахаас өөр яалтай билээ. Тэгсэн харин энэ нь бодлогын чанартай хувьсал байж мэдэхээр болчихов.
Юу гэхээр, агаар мандалд хуримтлагдсан хүнд металлууд /хүнд гэдгийг анхаарна уу/ газрын гадаргаас дээш 60 см-ээс илүү гарч чаддаггүй гэнэ. Тэгэхээр өндөр хүмүүст энэ төрлийн хордлого нээх хамаарахгүй гэсэн үг.
Харин хүүхдүүд хүнд металлын гол бай болдог ажээ. Хамгийн аюултай нь хар нялхаасаа ийм хор үнэрлэсэн хүүхдүүд өсч томрохоороо гэмт хэрэгтэн, бурангуй үзэлтэн, танхай балмад этгээд болох магадлал маш өндөр гэдгийг эрдэмтдийн олон жилийн судалгаа харуулж байна.
Одоогоос 20-30 жилийн өмнө АНУ, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнууд хүнд аж үйлдвэрийн утаанд асар их хордсон ба тэр үед хүүхэд байгсдын дунд судалгаа явуулахад ихэнх нь гэмт хэрэгт холбогдсон, танхай, балмадаараа цууд гарсан, анархистууд болсон байж.
Үүнээс нэг л гаргалгаа хийж болно. Бүр тодруулбал, өнөөгийн эрх баригчид ирээдүйн анархистуудыг одооноос бэлдэж эхэлжээ. Тэгэхдээ бөөнөөр нь лагерлах маягаар сургаж байгаа бөгөөд яг юуны тулд ингээд байгааг нь маш олон шалтгаанаар тайлбарлаж болно.
Жил бүр утааг бууруулах нэрийдлээр олон тэрбумыг халааслаж байна гэж бид улстөрчдийг буруутгадаг ч үнэндээ тэд утааг улам ихэсгэхэд энэ хөрөнгийг зарцуулдаг байх магадлалтай. Энэ нь сөрөг хүчнийг ирээдүйд хөнгөн аргаар дарах, эсэргүүцүүлэх, өөрсдийг нь дэмжиж яахаас ч буцахгүй үйлдэл хийгчдийг бэлтгэх зэргээр тайлбарлаж ойлгож болох байх.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )
Ха ха, нээрээ ч тийм байх аа даа. Тэгэхээр бид төрийг бодлогогүй гээд шүүмжлээд байдаг, аймаар бодлоготой төр болж таарлаа.