Тарган ууцны мах 250 мянган төгрөг

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Сүүлийн өдрүүдэд ууц­ны мах гүйлгээтэй бай­гаа гэнэ. Өнөө жил цагаан сарын баяр эрт болох учраас иргэд бэлт­гэлээ базаагаад эхэлжээ. Өчигдөр "Хүчит шонхор" зах дээр ууцны мах дунд­жаар 180-280 мянган төг­рөгийн үнэтэй байв. Том сүүлтэй, 40 гаруй килог­рамм жинтэй тарган ууц­ны мах 280 мянган төгрөг, арай дундаж нь 250 мян­ган төгрөг, жижиг нь 180-200 мянган төгрөгийн үнэ­тэй байна. Ууцны мах худалдаж авч байгаа иргэд сүүл том хэлбэр сайтай цэвэрхэн бэлтгэ­сэн мах байх шаардлагыг тавьж байв. Малчид ч ууцаа сарын өмнө бэлт­гэж хөлдөөгөөд авчир­сан гэнэ. Бид хэд хэдэн ууцны мах ху­дал­даж байгаа хү­мүүстэй уулзлаа. Өвөр­хангай айм­гийн Баян-Өндөр сумаас ирсэн мал­чин А.Адьяасүрэн ийнхүү ярилаа. "Би өчигдөр ирсэн. Энэ жил цагаан сар эрт болох учраас эрт орж ирлээ. Уг нь өнгөрсөн жил нэгдүгээр сарын дун­дуур, хоёрдугаар сарын эхээр л хэдэн ууц аваад орж ирж байсан санаг­даж байна. Нийтдээ 60 ууцтай ирсэн. Өглөөнөөс хойш арвыг зарлаа. Надтай цуг ирсэн ах хүү 30-ыг авчраад өчигдөр зараад дууссан байна лээ" хэмээв. Түүнийг ийнхүү ярих зуур хоёр эмэгтэй ирээд хамгийн тарган ууцыг зааж "Энэ хэд вэ" хэмээн асуу­хад "280 мянга. Доошоо ярина шүү. Үзээд аваа­рай. Ууцаа хонины тол­гой­той нь цуг өгнө" хэмээ­хэд нөгөө хүмүүс эргүүлж тойруулж, сүүлийг нь сайн шинжиж үзэв. Харин түүний өөдөөс хараад зогсож байгаа худалдагч "Таана үнэртсэн мах аваа­рай. Сүхбаатар айм­гийн тарган ууц байна. Үзээд ав. Хямдарна шүү" гэж дуулдлаа. Эднийд хамгийн үнэтэй ууцны мах зарж байгаа гэнэ. Ланжгар сүүлтэй том ууц 450 мянган төгрөгийн үнэ­тэй гэнэ. Доошоо яриад  400 мянган төгрөгөөр өгнө гэсэн. "Хүчит шон­хор" зах дээр өчигдрийн хувьд энэ ууц хамгийн үнэтэйд тооцогдож байв. Хажуугаар нь өнгөрсөн хүн бүрийн анхаарлыг татаж байгаа бололтой "тэр ууц хэд вэ" гэж асууж байсан ч үнийг нь сон­соод зарим иргэд "Хамаа замбараагүй үнэ хэлэх юм" гэж ундууцаж байсан бол зарим нь "Нааш нь буулгаад ир дээ. Сайн харъя" гэж байв. Ерөнхий­дөө ууцны мах одоогоор элбэг орж ирж байгаа гэнэ. Иргэд мөнгөндөө тааруулаад ууцаа  сонгон авч байгаа харагдлаа.  Тус зах дээр мах ямар үнэтэй байгааг сонирх­лоо. Үхрийн мах бөөндөө 5300-5800 төгрөг, хонины мах 5600, ямааны мах 4000, адууны мах 4200-4500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин үхрийн өвчүүний үнэ өссөн байв. Өвчүү кг нь 6500-6800 төгрөгийн үнэтэй байлаа.  Харин махны жижиглэн­гийн үнэ, хонины ястай мах 6800, цул мах 7000, үхрийн ястай мах 7800, цул нь 9000, ямааны мах 5200, адууны мах 5800-6000 төгрөгийн үнэтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top