Тойм: Угтах өдрүүдэд ч тусгал нь дэргэд байх үйл явдлууд...

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

 

Саяхан л эхэлж байсан долоо хоног ард үлдэж, нэгэн шинэ долоо хоногийг бид хамтдаа эхлүүлж байна. Гэсэн ч хуучингүй шинэ юм гэж юу байхав. Өнгөрөгч өдрүүдэд нийтийн анхааралд байсан олон үйл явдлуудын тусгал  угтах өдрүүдэд ч бидэнтэй ойр байх нь дамжиггүй юм.  Зиндаа.мн-ий долоо хоногийн тойм танд хүрч байна.

 

 

                           Нийгмийн шахалтаар Ерөнхийлөгч жинтэй дуугарлаа

Өвөөдөө, аавдаа, ахдаа, нөхөртөө, найз залуудаа, хойт эцэгтээ, ээжийнхээ найз залууд хүчирхийлүүлэн, доромжлол амссан олон арван охид бүсгүйчүүд, хүүхдүүдийн тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарч ирсэн ч, тэдгээр эмгэнэлт жишээнүүдийг гэр бүлд байдаг л асуудал мэтээр хүлээн авах, хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой асуудал гэж хүлээн зөвшөөрдөггүй хандлага нийтлэг байж ирсэн билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалтыг санаачлан зохион байгууллаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн сошиал сайтууд дахь хуудсууд руу олон нийт, иргэдийн зүгээс их хандаж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа охид эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болж, амь насаа алдсан хэргүүдийн тухай мэдээлэл сүүлийн нэг сарын хугацаанд дараалан гарсан нь, нийгмийг ихэд цочоож, иргэдийн зүгээс Ерөнхийлөгчид хандан хэдийг хүртэл дуугай байх юм бэ? гэсэн асуултыг тавихад хүргэсэн гэхэд болно. Улмаар Ерөнхийлөгч дуугарлаа. Үнэхээр жинтэй дуугарч чадлаа гэж харж байна. Гэр бүлийн хүчирхийлэл бол орчин цагийн боолчлол юм гэдгийг Ерөнхийлөгч хэллээ. “Гэр бүлийн хүчирхийлэгч гэм зэмгүй явдаг цаг өнгөрсөн. Энэ 2013 он бол тэр хүмүүст сүүлчийн он байх болно. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болно. Гэр бүлдээ хүчирхийлэл, зовлон учруулдаг хүн бүхэн хуулийн хариуцлага хүлээдэг болно гэдгийг  мөн хэлсэн юм. Үүний тулд гэр бүлийн хүчирхийллээр мэргэшсэн эмэгтэй хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчийн тоог цагдаагийн байгууллагад нэмэх хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь голдуу охид эмэгтэйчүүд, тэнд нарийн эмзэг асуудал олон гардаг. Тэнд мэргэшсэн эмэгтэйчүүдийн баг чухал болох нь амьдрал дээр нотлогдож байгааг хэлсэн. Мөн хохирогчид иж бүрэн туслалцаа үзүүлэх, хамгаалах байр хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдсон сургалтыг  иргэний боловсрол хичээлээр бага ангид нэмж оруулж зааж өгөх хэрэгтэй. Хүүхдэд багаас нь заагаад өгчих хэрэгтэй. Яавал чи эрхээ хамгаалах юм бэ, миний охин ямар эрхтэй юм бэ, том болоод ямар асуудал учирч магадгүй байдаг юм. Хүндрэлтэй асуудал учирвал чи яах ёстой юм бэ. Болохгүй үед хаанаас туслалцаа авах хэрэгтэй юм бэ, яаж хандах ёстой вэ, чиний эрхийг хамгаалсан ямар хууль байдаг юм бэ, хэн чиний төлөө ажиллах ёстой юм бэ, хэнд чи хамгийн түрүүн энэ тухайгаа, зовлонгоо очиж ярих ёстой вэ гэдгийг тэр хүүхдүүдэд бүүр багаас нь зааж өгөх хэрэгтэй. Дээр нь чиний нэг найз чинь хичнээн ч буруутай байсан, эмэгтэй найз чинь хичнээн ч буруутай байсан, тэр эмэгтэй найз руугаа гар далайж болохгүй, энэ хүмүүжлийг багаас олгох хэрэгтэй. Тэр эмэгтэй найз чинь чамайг хичнээн ч гомдоосон бай чи тэр хүнийг зодох эрхгүй л байхгүй юу. Зангидсан гараар харилцах ёсгүй, үүнийг бага ангид нь бид сургаж өгөх ёстой гэж бодож байна...

 

...Хайр, дурлал бол доромжлол дор цэцэглэхгүй, гургалдай шувуу бол торон дотор дуулдаггүй юм. Хүн бол хэзээ ч цайз торонд жаргадаггүй юм. Үүнийг ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа гэдэг чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний уусаж нийлсэн харилцаа юм. Нэг газар нь булингар үүсэх юм бол хамтдаа л ижил байдлаар тэр булингараа алга болгох хэрэгтэй. Тийм ариун нандин харилцаа юм. Тэгэж эхнээс нь ойлгуулах юм бол энэ асуудлыг шийдэх байх гэж бодож байгаа юм.” хэмээн хэлсэн. Зөвхөн өнөөдөр биш өчигдөр, тэрний өмнөх өдөр ч байсаар ирсэн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Ерөнхийлөгч ийнхүү жинтэй байр суурийг илэрхийлсэн нь онцлох үйл явдлуудын нэг байсан юм.

 

 

                                Шинэ даргатай МАН-ын бүлгийн ширүүхэн дайралтууд..

 

УИХ дахь МАН-ын бүлэг шинэ даргатайгаар шинэ долоо хоногийн ажлаа эхлүүлэхдээ анхаарал татсан нэгэн мэдэгдлийг хийсэн нь Эдийн засгийн  хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах хүсэлтийг УИХ-ын даргад уламжилснаа хэвлэлийнхэнд дуулгасан  явдал юм.  Эдийн засгийн өнөөгийн хүндрэл нь хариуцаж буй сайд нарын хариуцлагагүй байдлаас үүссэн тул огцруулах хэрэгтэй гэсэн үндэслэлээр тэд ийм шаардлага тавьсан юм. Харин сайд нарыг огцруулах эсэх асуудлыг харьяалагдах байнгын хороодоор хэлэлцээд дэмжээгүй юм.

 

Энэ асуудлаар Засгийн газар,  УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаад сайд нарыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг салбар хариуцсан сайд нараас бүх бурууг зайлуулав.  Тэрээр “Үүсээд буй хүндрэл бол Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш бий болсон зүйл биш. Ялангуяа өр төлбөртэй холбоотой асуудлыг өмнөх Засгийн газраас уламжлан авсан. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг нь ганц дотоодод болж буй гэхээс илүү дэлхийн зах зээлд болж байгаа үйл явдалтай холбоотой. Ялангуяа Оюутолгойн ил уурхайн олборлолт зогссонтой холбогдуулан гадаадын хөрөнгө оруулалтын байдлыг харзнасан. Үүнтэй холбогдуулан уг төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хийх талаар бодит, ажил хэрэгч санал гаргаж, ширээний ард суухаар ажиллаж байгаа. Огцруулахаар нэр нь яригдаж байгаа хоёр сайд нар Засгийн газрын гол зүтгүүр. Бондоор бий болгосон санхүүжилтээр дамжуулан бодитой бүтээн байгуулалт хийсэн. Засгийн газрын тэргүүний хувьд хоёр сайдын асуудлыг нухацтай авч хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна. Засгийн газрын гишүүдийг шахаж, шаардлага тавьж ажиллах нь зүйтэй ч огцруулах үндэслэлийг олж харахгүй байна” гэсэн юм.

 

Харин УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд улсын эдийн засаг сайнгүй байгааг хүлээн зөвшөөрч байгаа ч,  сайд нарыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Ийнхүү хоёр сайд суудал дээрээ үлдэх нь тодорхой болсны араас МАН-ын бүлэг зүгээр суугаагүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын байр бий болгох чиглэлээр Засгийн газраас энэ онд хийж хэрэгжүүлсэн бодлогын талаар УИХ-ын нэгдсэн хуралдаанд  мэдээлэл хийсэн юм.   Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулсан юм.  МАН-ын бүлгээс Засгийн газарт 17 санал хүргүүлсэн бөгөөд тэдгээр саналуудыг ажилгүйдэл улмаар ядуурлыг бууруулах бодлоготой нийцүүлэн ажил хэрэг болгохыг шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Норовын Алтанхуягаас  хичээнгүйлэн хүссэн юм.

 

Ерөнхийдөө бол дарга нь өөрчлөгдсөн МАН-ын бүлгийн хувьд үлдсэн хугацаанд сөрөг хүчний хувиар зүгээр суухгүй гэдгээ харуулсан алхмуудыг хийсэн гэхэд болох болов уу.

 

 

                                                           Найман хувийн зээл цаашлах болоогүй...


Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг түр зогсоох шийдвэр өнгөрөгч долоо хоногт гарсан нь анхаарал татсан үйл явдлуудын нэг байсан. Засгийн газар, Монголбанкнаас хамтран гаргаж байгаа энэ зээлийг жилийн эцэс болж байгаатай холбогдуулан түр зогсоож байгаа гэх албан ёсны мэдээллийг холбогдох газруудаас өгсөн ч, иргэдийн хувьд үргэлжлүүлэн хэвийн олгох байгаа гэсэн хүлээлт хэдийнэ үүсчихээд байгааг хэлэх хэрэгтэй. Тэгвэл мөн өнгөрөгч долоо хоногт энэ асуудалтай холбоотой таатай үйл явдал болсныг өгүүлэх нь зөв болов уу.  Учир нь ипотекийн орон сууцны зээлийг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх алхмын нэг болох хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын ипотекийн корпорациас 20-ны өдөр гаргасан юм.  “МИК Актив-1” нэртэй охин компаниараа дамжуулан арилжааны есөн банктай гэрээ байгуулан нийт 322.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн багцыг худалдан авч, үнэт цаас гаргасан байгаа.  Албаны нөхдүүд энэ  үйл явдлыг тодотгохдоо найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг санхүүжүүлэх шинэ төрлийн урт хугацаатай эх үүсвэрийг хангах нөхцөл гарч байна гээд байгаа юм. Тэгэхээр энэхүү зээлд хамрагдаж байртай болохоор зорьж байгаа олон иргэдийн хувьд энэ таатай мэдээ болов уу.

 

                                                         Гэрэл тусгахыг зорив


Өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлуудын нэгээр Монголд анх удаа зохион байгуулагдсан  “Online Media Awards 2013” арга хэмжээг онцолж байна. Дэлхий дахинд хүчээ авчихаад байгаа онлайнд суурилсан сэтгүүлзүй, иргэний сэтгүүлзүйн хавсарсан давалгаа Монголын  өнөөгийн нийгэм, иргэдийн амьдралтай ч бат бэх гагнагдчихаад байгаа билээ. Технологийн ололт, дэвшил дээр суурилсан энэхүү талбар нь хүн болгонд өөрийн  үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа гэдгийг тодотгох нь зөв болов уу. Тиймээс ч Мэдээллийн сайтуудын ассоциациос зохион байгуулсан  “Online Media Awards 2013” нь онлайн салбараа бүтнээр нь харж, нийгэмдээ гэрэл гэгээ нэмж тусгаж илүү тодоор харахыг эрмэлзэн “Гэрэл тусгая” гэсэн уриан дор болж өнгөрснийг хэлэх нь зөв болов уу.

 

11 номинацид шилдгүүдийг нэрлэсэн энэ арга хэмжээний шалгаруулалт үнэн бодит явагдсаныг нийт олон харж, мэдсэн биз ээ. Олон нийтийн шударга шүүлтүүрээр тодорсон шилдэг номинацийн эздийн хувьд үйл ажиллагааныхаа нийгэм дэх үр нөлөөлөл, далайцыг үнэлж өгсөн үнэлэмж гэдгийг мэдэж байгаа нь лавтай. Онлайн  сэтгүүлзүй болоод нийгмийн сошиал сүлжээг хамруулан харж, зохион байгуулагдсан  “Online Media Awards 2013”  арга хэмжээний үр ашгийг өнөөдөр шууд тодорхойлоход эртдэх мэт боловч, онлайн гэх том орон зайд улам бүр урагшлан хөгжиж буй энэ салбарт ийм арга хэмжээг зохион байгуулах, амжилттай, нийгэмдээ үр бүтээлтэй яваа хэсгээ тодруулах, түүгээрээ бусдад үлгэрлэх, нийгэмдээ гэрэл гэгээ нэмж тусгах шаардлага байсныг хэлэх хэрэгтэй юм.

 

 

Хоёр хөрштэй нэг ширээний ард суулаа


Ашигт малтмалын баялгийг үнэд хүргэхийн тулд бид төмөр замын дэд бүтцээ шийдвэрлэх ёстой. Тиймээс ч өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамнаас санаачилсан  “Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн “Умард коридор” сэдэвт гурван талт анхдугаар зөвлөгөөн болсон нь анхаарал татсан үйл явдал байв. Энэ удаагийн зөвлөгөөнөөр хоёр хөршийн төлөөлөгчид БНХАУ-ОХУ, БНХАУ-Европ хоорондын бараа эргэлтийн төлөв, Монгол Улс руу чиглэсэн төмөр замууд, Монголын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн замналын гүйцэтгэх үүрэг, “Улаанбаатар төмөр зам”-ын техникийн шинэчлэлд гурван улс хамтран ажиллах нь гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж ярилцсан бөгөөд Хятадын  талаас Эрээн-Жинин хэсгийн төмөр замыг, Оросын талаас Улаан-Үүд - Наушки  хэсгийн төмөр замыг бэхжүүлэх шаардлагын талаар ярилцсан. Улмаар талууд Улаан-Үүд – Наушки – Сүхбаатар – Замын-Үүд – Эрээн – Жинин чиглэлийн төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг 2014 оны эхний улиралд багтаан хамтран боловсруулахаар тохиролцсон мэдээ байгаа юм.

 

 

Хар захыг хянаж чадахгүй байгааг падааны луйвар илчлэв


НӨАТ буюу Нэмэгдсэн өртгийн албан татварыг анх далд эдийн засгийг илрүүлэх зорилгын дор дэлхийн 2-р дайны дараа 1928 онд Германы эрдэмтэд санаачилсан байдаг. НӨАТ-аар дамжуулаад хар зах зээл дээр бүртгэлгүй эргэлдэж байгаа бэлэн мөнгөний хэмжээг бодитой тодорхойлдог, мөн тухайн улсын эдийн засаг яаж өссөн бэ гэдгийг тодорхойлж болдог гэж үздэг. Тиймээс ч   Татварын ерөнхий газраас энэ онд хийсэн судалгаагаар Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хий бичилт хийж улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан талаар мэдээлсэн нь анхаарал татсан мэдээлэл байлаа. Одоогийн байдлаар хуурамч НӨАТ-ын падаан зарсан нь батлагдсан 40 орчим компани нийт 319.3 тэрбум төгрөгийн борлуулалтын бичилт хийсэн боловч нэг ч төгрөгийн татварыг улсад төлөөгүй болохыг илрүүлээд байгаа аж. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс   36 компанийн удирдлага хуурамч падаан тараасан, татвараас зайлсхийж улсад их хэмжээний хохирол учруулсан  гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж буй. Ер нь НӨАТ-тай холбоотой анхаарал татсан асуудлууд бий. Энэ татварын үр шимийг эдийн засагт бодит утгаар нь дагуулж ирэхийн тулд хууль эрх орчны өөрчлөлтийг хийх ёстой юм.  

 

 

“Давхар дээл”-ийг арванзургаан оноос өмнө тайлах уу?


Засгийн газрын данхагар бүтцийг хумина гэсэн тодотголтойгоор  Ерөнхийлөгчөөс Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд байгаа билээ. Тэгвэл энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, дэмжив. Ерөнхийлөгч  Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Зөвхөн Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр халдгална” гэж өөрчлөн найруулахаар тусгасан бөгөөд үүнтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйлийн зохих заалтыг өөрчлөн найруулах хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлээд байгаа юм. Хэрэв тэгээд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэ хэвээр хууль тогтоогчид батлах юм бол Засгийн газрын тэргүүн л УИХ-ын гишүүн байна. Бусад гишүүд нь УИХ-ын гишүүн байх эрхгүй болох юм. Тиймээс ч энэ хуулийн төслийг “давхар дээл”-ийг тайлах зорилготой гэсэн тодотгол дагаж байгаа юм.

Түүнчлэн Байнгын хорооны гишүүдийн ил үзэгдэх хандлагаас харахад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихийн сацуу хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал дээр санаагаа чилээцгээж харагдана лээ. Тухайлбал, эрх баригч АН-ын тухайд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд байгаачлан   2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх ёстой гэж үзэж байгаа бол МАН-ынхан хуулийн төслүүдийг хуульчлан батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ёстой гэж үзээд байгаа юм.  Хэрэв МАН-ынхны тааллаар болвол Засгийн газар тарахаас өөр аргагүй болно гэсэн үг. Гэхдээ эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой юм. 

 

Б.Итгэлт 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top