Абу Даби болон Чэжүгийн гранпри, Токиогийн "Их дуулга" гэсэн Азийн цуврал тэмцээний дараа жүдочдын чансааг дахин шинэчилжээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан шинэ чансаагаар 60 кг-ын жинд манай гурван тамирчин эхний аравт багтлаа. Тодруулбал, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин гурав, олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар дөрөв, Г.Хэрлэн есдүгээр байрт тус тус эрэмбэтэй болов. Тэгвэл 66 кг-ын жинг олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг 1830 оноогоор тэргүүлсэн хэвээр байна. Харин С.Мияарагчаагийн рейтинг 11 дүгээр байр хүртэл ухарлаа. Үүнээс гадна 73 кг-ын жинг олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир тэргүүлэв. Түүний хувьд 1991 оноотойгоор тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан бол түүний араас өдгөө манай улсад хамтарсан бэлтгэлд оролцож байгаа Бельгийн жүдоч Дирк ван Тихел, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар нэхэж байна. Шохей Оно, Элмонт Дэкс нар эхний тавд багтжээ.
Харин эмэгтэйчүүдийн хамгийн бага жингийн чансааг Бразилийн Сара Менезес тэргүүлсэн хэвээр байгаа бол олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг дэд байрт, Г.Отгонцэцэг долдугаарт эрэмбэтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )