Ч.Батбаатар: Орон сууцны метр квадратыг дутаасан барилгын эздүүдэд мөн МХЕГ-тай хатуу хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

Орон сууцны талбайн метр квадратад иргэд гомдол санал ШӨХТГ-т ирүүлэх болсон. Тийм учраас ШӨХТГ болон Барилга хот байгуулалтын яам, Стандарт хэмжилзүйн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран орон сууцны метр квадратад хяналт шалгалт хийж эхэлсэн. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.

-ШӨХТГ-аас орон сууцны талбайн хэмжилтэнд шалгалт хийгээд сарын хугацаа болох гэж байна. Одоогийн байдлаар хэчнээн иргэдээс санал хүсэлт ирээд байна вэ?

-Энэ шалгалтыг манай ШӨХТГ, Барилга хот байгуулалтын яам, Стандарт хэмжилзүйн газар болон бусад холбогдох газруудтай хамтран зохион байгуулж байгаа. Хэрэглэгчдээс ирсэн санал гомдолын дагуу хяналт шалгалтаа хийгээд явж байна. Анх манайд 11 компанийг шалгуулахаар 60 иргэнээс санал гомдол ирж байсан. Одоогийн байдлаар 200 гаруй иргэдээс 40 компанийг шалгах хүсэлт ирээд байна. Хяналт шалгалтын явцад гарсан зөрчил дээр нь байцаагч акт гаргаад иргэдийн гомдолгүй болгох албан шаардлага өгөөд ажиллаж байна. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн байгууллагын хууль бусаар олсон орлогыг хураах мөн сүүлийн зургаан сарын доторхи орлогыг 6 хувьтай тэнцэх мөнгөн торгуулиар торгоно. Мөн цаашлаад тусгай эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллана.

-Хяналт шалгалтын үеэр нийтлэг ямар зөрчил байна вэ?

-Зарим орон сууцны метр квадратаас 2-20 мерт квадрат дутаж байгаа. Нийт ирсэн зөрчлийн 40 хувь нь “Хан Сөүл” хороолол мөн “Тайгам Алтай” буюу “Алтай” хотхоны талаар иргэдийн шалгуулах гэсэн өргөдөл их ирж байна. Алтай хотхоны байранд 2-8 метр квадратын зөрүү гарсан бол Хан сөүл дээр 7-19 метр квадрат дутаж байна.  Мөн Баянзүрх дүүргийн иргэн Н.Сүрэнцэцэгийн 35 айлын орон сууцны барилга  7-9 метр квадрат дутаж байна. Цаашид орон сууцны метр квадратаа шалгуулах гэсэн иргэдийн тоо ихсэх хандлагтай байна. Учир нь барилга маань босоо тэнхлэгээр баригдаж байгаа. Нэг давхарын нэг тоотоос метр квадрат дутсан бол дээшээ мөн дутах магадлалтай.   

-Хяналт шалгалт эхлээд хорь гаруй хонож байна. Одоогоор хэчнээн төгрөгийн хохиролыг илрүүлээд байна вэ?

-Эхний 14 хоногийн байдлаар иргэдээс ирсэн санал гомдолыг тооцоод үзэхэд 770 метр квадрат болж байсан. Үүнийг зах зээлийн ханшаар бодоод үзэхэд 1 тэрбум 77 сая төгрөгийн хохирол байна. Одоогийн байдлаар 80 гаруй сая төгрөгийн хохирлыг барагдуулаад байна. Энэд “Ти Ди Си” мөн “Макс Өргөө”, “Кореа таун” зэрэг компанууд хохирлоо барагдуулж байгаа.

-Анх барилга ашиглатанд ороход МХЕГ шалгаж авдаг. Гэтэл яагаад энэ олон барилгаас метр квадратын зөрүү гарч иргэдийг хохироогоод байна вэ?

-Барилгыг ямар стандартын дагуу барих ёстойг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгаж авах ёстой. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан зөвхөн барилгын чанарыг харах ёстой, метр квадратыг үзэх ёсгүй гэж яриад байгаа. Уг нь стандарт зургийн дагуу очиж шалгах хэрэгтэй. Мэргэжлийн комиссын хүлээж авсан актанд үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаг. Цаашлаад орон сууцны метр квадрат дутаж байна гэдэг нь шууд авилгын асуудалтай холбоотой. Барилгын комисс ингэж хүлээж аваагүй бол иргэд одоо ингэж хохирохгүй байсан. Тухайн барилгыг эздүүд мөн МХЕГ хатуу хариуцлага тооцно.

-ШӨХТГ эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажиллах гэж байгаа гэсэн. Тухайлбал зөрчилтэй байгаа “Зүмбэр орд”, “Ти Ди Си”  компианууд иргэдийг хохиролгүй болгох тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 -Бид өөрсдийнхөө эрх хэмжээний дагуу торгуулиа төлж дуустал нь 10 сая төгрөгийн торгуулиа ноогдуулаад явна. Он гараад шинээр батлагдах гэж байгаа хуулинд тусгай зөвшөөрлийг хасах эрхийг Барилга хот байгуулалтын яам гэхгүйгээр бид тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй болно.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.118.156) 2025 оны 03 сарын 13

энэ асуудлыг шалгаж байгааг их дэмиж байнаа, ядарсан иргэдээ хамгаалсан нэгч гэсэн ажил боллоо амжилт

1  |  0
erka(103.10.22.40) 2025 оны 03 сарын 13

za ta nar neeh surjin yriad um boldgui bizde naad eh oron ard tumnee bododgui nobshnuudiin barilga barih zobshoorliigno huraagaad shorond shuud ybuul ene asuudald darga nar anhaarlaa handuulj mongold chni buruu um hiibel bolohgui um bna gej bodtolno hariutslga tootsooch jinhne hogiin amitad bna da

1  |  0
Top