Ирэх онд Оюутолгойгоос 2.6 тэрбум ам.доллар олно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

"Оюу Толгой" ХХК өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, зэсийн баяжмалын экспортын анхны тээвэрлэлтийг өнгөрсөн долдугаар сарын 9-нд эхлүүлсэн. Өнгөрсөн таван сарын хугацаанд 250 мянган тонн зэсийн баяжмал олборлож, Хятадын Ганц модны боомтын агуулахад 70 мянган тн-ыг нь хүргэснээс хайлуулах үйлдвэрүүд 20 шахам мянган тонныг нь татаж аваад байна.

Энэ сард болсон "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг баталсан байна. Төслийн хөрөнгө оруулалт ирэх онд 1.2 тэрбум ам.доллар, борлуулалтын орлого 2.6 тэрбум ам.доллар байхаар төсөвлөжээ. “2014 онд 690 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ, энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийнхээс 200 гаруй мянган тонноор давсан дүн юм. Энэ утгаараа “Оюу Толгой” ХХК Монголын хамгийн том аж ахуйн нэгж болж, эдийн засгийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний хувь нэмэр оруулна” гэж тэрбээр нэмж хэллээ. Оюутолгойгоос олборлох 690 мянган тонн баяжмал дотор 175 мянган тонн зэс, 23 тонн алт агуулагдана.

Оюутолгой төслийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх яриа хэлэлцээ өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш үргэлжилж, хуримтлагдсан 30 гаруй асуудлаас 21-ийг нь шийдвэрлэж, хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрчээ. Одоо үргэлжилж буй яриа хэлэлцээгээр далд уурхайг ашиглалтад оруулахад Монголын Засгийн газар ба хөрөнгө оруулагчдын хамтран ажиллах нөхцөлийг хэлэлцэж байгаа юм. Ирэх оны хоёрдугаар улиралд багтаан гүний уурхайн ТЭЗҮ-г шинэчилж батлаад, зун гэхэд ашиглалтад оруулах ажээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top