Халхын Автай Сайн хан 1585 онд III Далай лам Содномжамцтай уулзаж, Монголд бурхны шашин дэлгэрүүлэх хүсэл зорилгоо илэрхийлэхэд “Галд үл шатсан” буюу “эрхий хурууны чинээ эндүү үгүй Бурхан багшийн эрдэнийн шарил өгсөн” тухай баримт бий. 1935 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан П.Гэндэн ЗХУ-ын кино зураглаачдыг авчирч ”Эрдэнэзуугийн цам”-ыг хальснаа буулган хадгалсан бөгөөд энэ үйл явдлын дараахан буюу наймдугаар сарын 02-нд Сайд Нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Өлзий-Очирын цохолттойгоор тухайн үеийн ШУ-ны хүрээлэнгийн захирал Л.Дэндэвт энэхүү нандин шүтээнийг ”хадгалах, судлах” ажлыг даалган хүргүүлжээ. Энэхүү нандин шүтээнийг хамгаалах ажлыг академич Б.Ширэндэв болон Хөдөөгийн Пэрлээ нарын зэрэг эрдэмтэд нандигнан хадгалсаар бидний үед золгуулжээ. Шүтээнийг эргэлзээгүй мөн болохыг Ажаа Ринбүчи болоод Дээрхийн гэгээн Далай лам баталсан байдаг. Бурхан багшийн “Эрдэнийн шарил”-ын талаар СГЗ, Бурханч лам Г.Пүрэвбат ийн ярьж байна.
-Бурхан багшийг чандарлах үед шарил нь олон тооны эрдэнийн үрэл болсон гэдэг. Харин Монгол буй “Эрдэнийн шарил” нь эрдэнийн үрэл бус соёо гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Сэтгэлийн эрхэм болгоныг олсон хүний чандар онцгой зүйлийг үлдээдэг. Бурхан багшийн шарилыг чандарлах үед шарил нь олон өнгөт үрэл болон хувирснаас гадна дөрвөн соёо үлдсэн байдаг.
-Бурхан багшийн соёог шүтэхийн учир нь юу вэ?
-Бурхан багшийн шарилыг шүтвэл бурханыг бодитой шүтсэнтэй адил. Бурхан багшийг нирваан дүр үзүүлсний дараа түүний шарилаас олон шавь нарт нь хуваан тараасан байдаг. Иймээс бурхан багшийн эрдэнийн шарилд зориулсан маш олон суварга боссон хэрэг. Үүнээс гадна Бурхан багшийн шарил үржин дэлгэрдэг жамтай.

-Монголд буй Бурхан багшийн шарилыг олны өмнө гаргах, залах ажиллагаанд салбар яамны зүгээс хэрхэн анхаарал хандуулсан бэ?
-БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр салбар хариуцсан сайдын хувьд Үндэсний сан хөмрөгт хадгалагдаж байгаа ховор, үнэт зүйлд ач холбогдол өгч зохих ёсоор нь залсан. Аливаа үнэт зүйлийг зөв хөрж, зөв ухаарч байгаа хүний сэтгэлийн ажил. Зөв зүйл хийж, зөв замаар нь явж байгаа хүн.
-Дарамсалад сурч байхдаа танилцсан гэж сонссон?
-Би БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярыг 1990 оноос хойш мэднэ. Яагаад гэвэл намайг Энэтхэгт Дарамсалад сурч байхад Ё.Отгонбаяр БНЭУ-д суугаа ЭСЯ -нд II нарийн бичгийн дарга хийж байсан. Тэгээд би амралтаараа тэднийд очдог байсан учраас сайн мэддэг болсон. Тэр үеэс хойш харж байхад гадаад, дотоодод улстөрийн ажил их хийж, сургууль төгссөнөөсөө хойш тасралтгүй, уйгагүй зүтгэж өнөөдрийг хүргэсэн байдаг. Улстөрийн хүнд ачааг нуруундаа үүрч, их удаан бэлтгэгдсэн хүн.

Бурхны шашинтнуудын хамгийн эрхэм дээд шүтээн болох “Buddha Relic”-ийг залсан усан болор суваргыг Төрийн дархан О.Эрдэнэчулууны урласан байдаг. Гэхдээ түүний урьж буйгаар бурхан багшийн эрдэнийн шарилыг залах гэж бус болор суварга урласныг нь харсан нэгэн бурхан багшийн эрдэнийн цахиурыг залах санал тавьсан гэдэг. Тэрбээр “Бурхан багшийн эрдэнийн шарилыг таны бүтээсэн суварганд залсан. Ийм их аз завшаан хүн болгонд тохиогоод байхгүй шүү дээ” гэхэд “Энэ суваргыг би өөрийн шавь, хүүгийн хамт хоёр сарын хугацаанд хийж бүтээсэн. Гэхдээ Бурхан багшийн эрдэнийн шарилд зориулж хийгээгүй юм. Харин болор суваргыг хийсэн цаг хугацаа нь Бурхан багшийн эрдэнийн шарил илэрсэн цаг хугацаатай давхцаж таарсан. Тиймээс маш их аз завшаан, ховорхон боломж санаандгүй тохисон хэрэг болсон юм. Үүнд би ихэд билэгшээж байгаа” гэсэн юм. Төрийн дархан О.Эрдэнэчулуунтай цөөн хором ярилцсанаа толилуулъя.
-Болор суварганд хэдий хэмжээний мөнгө орсон бэ. Нийт жингийн тухайд?
-Бурхан багшийн эрдэнийн шарилыг залсан суварга нь 98 сантиметр өндөр, 85 килограмм жинтэй болсон. Нийт 26 лан мөнгөөр чимэглэсэн.
-Суварганы суурь усан болор нь таримал чулуу юу, аль эсвэл байгалийн болор уу?
-Суварганы суурь болох усан болор нь ямар нэгэн химийн бодисын тусламжтайгаар ургуулсан бус байгалийн болор гэдгээрээ онцлог. Энэ чулууг би Тайванаас өөрөө очиж авчираад тоноглолыг нь хийсэн юм. Байгалийн болор чулууг засаж хийсэн суварга үүнээс өөр байдаггүй.
-Суварганы зураг эскизийг та өөрөө гаргасан уу?
-Тийм ээ.
-Та хэдэн жил дархан хийж байгаа вэ. Удмын дархан уу?
-30 гаруй жил дарх хийж байна. Ихэвчлэн бурхан шашны холбоотой зүйлс урладаг. Манай аав болон аавын аав уран дархан хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл гурван үеийн дархан даа.

...Уран дархан О.Эрдэнэчулуун гуайн бүтээлийн охь дээж нь болсон болор суваргыг СГЗ Бурханч лам Г.Пүрэвбат, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр нарын хүмүүс үзээд Бурхан багшийн эрдэнийн шарил байх ёстой бүтээл байна хэмээн үнэлсэн гэдэг. Уг бүтээл нь дархан хүний уран ухаанаар бүтсэн ч гэлээ зөвхөн Бурхан багшийн эрдэнийн шарилд зориулан бүтээсэн мэт зохицож байсан нь цаанаа учиртай биз ээ. Мөн уран бүтээлч нь өндөр зэрэглэлийн дархан гэдгийг ч давхар харуулсан явдал болсон юм.
Өдгөө БНХАУ-д Buddha Relic буюу бурхан багшийн шүд Бээжин хотод, бурхан багшийн гавлын яс Нанжинд, дунд хурууны үе Си Ан хотод тус тус хадгалагдаж байгаа бөгөөд эргэл мөргөл, аялал жуулчлалын салбарт гайхамшигтай амжилт олж байна.

Бурхан багшийн гавлын ясыг хадгалж буй суварга. Хятад. Нанжин хот
Ж.Нарангарав anu_naran@yahoo.com