Өдрийн сурвалжилга: “Хүчит Шонхор” -т махны үнэ 300-1200 төгрөгөөр буурчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Шинэ жил хаяанд ирсэн, цагаан сар ч дөхсөн энэ өдөр махны үнэ сурвалжлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо. Тус захын үүдээр ороход л хөл хөдөлгөөн ихтэй байна. Голдуу ууцны мах, үхрийн өвчүү, адууны өрөөл,ямааны гулууз ачсан машин энэ захын талбайг бараг явах замгүй  болгожээ. Хажууугаар нь багтаж орох гэсэн жижиг  тэрэг, явган хүмүүс ч олон байлаа.

Өнөө жил Цагаан сар эрт болох юм. Тиймээс ч сар шинээр ширээндээ тавих ууц, хонины гулууз мах, үхрийн өвчүү “Хүчит шонхор” захад  аль хэдийнэ худалдаанд гарсан байна. “Эртхэн ууцаа аваад тавьчихвал үнэ нь ч хямд тусах болов уу гэсэн иргэд аль хэдийнэ ууцны махаа худалдаж аваад эхэлсэн” гэж наймаачид ярьж байлаа.

Өнөөдөр  "Хүчит шонхор" захад ууцны мах дунд­жаар 150-260 мянган төг­рөгийн үнэтэй байна. Том сүүлтэй, 40 гаруй килог­рамм жинтэй тарган ууц­ 260 мянган төгрөг, арай дундаж нь 220 мян­ган төгрөг, жижиг нь 150-200 мянган төгрөгийн үнэ­тэй юм байна. Эндхийн наймаачдын ярьж байгаагаар иргэд аль болох цэвэрхэн бэлтгэсэн хэлбэр сайтай, том сүүлтэй ууцыг авдаг гэнэ.

Ууцны мах ачааны машин дээр тавьчихсан  худалдаалж байгаа иргэд ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн аж. Булган аймгаас ирсэн гэх Т.Дагвадорж, Н.Мөнхбаяр хоёр  ийн ярьлаа. “Бид ирээд   дөрөв хоног ууц зарж байна. Сүүлийн гурван жил энд ирж мах зарж байгаа.  Энэ жилийн хувьд Цагаан сар эрт болох юм чинь эртхэн ирээд махаа зараад ашгаа хувааж авчихаад гэрийнхээ Цагаан сарын бэлтгэлийг хийхээ бодъё.

Тэгээд ч наймаачидтай давхцахгүй, ашиг гайгүй байх болов уу гэж бодоод ирлээ. Энэ жилийн хувьд 100 гаруй ууцтай ирснээс ихэнхийг нь зарсан. Одоо 40-өөд ууц л үлдлээ. Хоёр хоноход  дуусчих байх. Бид харьцангуй хямд зарж байна.  Манай ууц 150-230 мянгын үнэтэй. Боломжийн үнэ шүү дээ.

Олныг авбал  хямдруулж болно. Энүүгээр 300-400 мянгын үнэтэй ууц байсан. Өнөөдөр харагдахгүй байна. Зарагдчихсан байх” гэж байсан юм.  Тэдний ийн ярих зуурт ууц авах гэсэн өвөө ирээд “Хаанаас ирсэн ууц вэ. хамгийн сайн сүүлтэй нь хэд бэ” гэж байсан юм. Тэд “250 мянгаас ярина шүү” гэж байна билээ.

Бага адууны гуя 34-40 мянган төгрөгний үнэтэй

“Хүчит Шонхор” захад ууц зарж байгаа хүн ч олон авах гэсэн иргэд ч нэлээдгүй харагдана лээ.  Мөн ууцны хажуугаар үхэр, адуу ямааны мах бөөний үнээр зарж байна. Адууны мах кг нь 4200 төгрөгийн үнэтэй аж. Бага адууны нэг гуя авахад том жижгээсээ хамаараад 34 мянгаас 40 мянган төгрөг болж байна.

Ямааны мах бөөний үнэ нь 4200 төгрөгний үнэтэй бол үхрийн өвчүү кг 6300 төгрөгний үнэтэй зарагдаж байлаа. Харин тус захын жижиглэнгийн махны үнэ өмнөх сар болон өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад  300-1200 төгрөгөөр хямдарсан байна. Үхрийн мах 7200-7900,  хонины мах 5300-5800, ямааны мах 4200-4800,адууны мах 4500-5700 төгрөгийн үнэтэй байна.

Иргэд адууны мах авах сонирхолтой байна

Тус захын жижиглэнгийн махны худалдагч Б.Наранчимэгээс зарим зүйлийг тодрууллаа

-Мах сайн зарагдаж байна уу. Цагаан сар, Шинэ жил дөхсөн болохоор ашигтай ажиллаж байгаа юу?

-Шинэ жил гэсэн хүмүүс л байх юм. Гэхдээ мах их худалдаж авахгүй л байна ш дээ. Гацуур торт, бэлэг, даашинзандаа  хамаг юмаа зориулаад явчихдаг байх. Шинэ жилээ өнгөрөөж байгаад л ухаан орсон юм шиг махаа авья, цагаан сардаа бэлдье гэх байлгүй дээ.

-Махны үнэ цаашид хямдрахаар байна уу?

-Гайгүй хямдарсан байгаа. Нөөцийн махны сургаар жижиглэнгийн махаа хямдруулаад байгаа л даа. Өнөөдөр нөөцийн мах худалдаанд гарна гээд байсан гараагүй л байна. Өнөө маргаашгүй л худалдаанд гараад ирэх байх.

-Иргэд ямар малын махыг хамгийн их худалдаж авч байна?

-Адууны мах гайгүй сайн авдаг юм. Өвөл болохоор чанаж иддэг байх. Адууны мах өвөл иддэггүй монгол хүн ховор шүү дээ.

Цагаан сарын дундаж зардал 1.5 сая төгрөг болох нь

Жижиглэнгийн махны худалдаагаар харьцангуй худалдан авалт цөөтэй харагдсан бол малын дайвар бүтээгдэхүүний худалдаагаар нилээд хөл хөдөлгөөнтэй байсан юм. Элэг,бөөр, умс, хятай, зэрэг малын дотор мах кг нь 2500-4100 төгрөгийн үнэтэй юм байна. Адууны умс, хятай худалдан авч байсан Чингэлтэй дүүргийн өндөр настан З.Түмэнтэй ярилцлаа.

-Та  сар шинийн ууцаа авсан уу?

-Аваагүй. Үнэ ханшийг  нь судалж үзлээ. 200 мянган төгрөгөөр боломжийн ууц авчихаар юм байна. Цагаан сар дөхүүлж байгаад тэтгэврийн зээл авахаараа ууц, буузны мах, гурилаа авна даа. Одоохондоо жижиглэнгийн мах, умс, хятай зэргийг л авч байна. Адууны умс, хятай өвөл идэхэд сайхан шүү дээ. Хэд хонож байгаад ирж 4-5 кг аар нь авдаг юм. Кг нь 3200 төгрөгийн үнэтэй байна.

-Цагаан сарынхаа бэлтгэл хийх мөнгөний тооцоогоо гаргасан уу. Хэдэн төгрөгөнд сар шинээ хийчихээр байна?

-Урьдны жилүүдэд сая орчим төгрөгийг  арай гэж хүргэдэг байлаа. Одоо юмны үнэ нэмэгдсэн. Нэг сая таван зуун мянгад хүргэнэ л гэж бодож байна. Өнгөрсөн жил ууцны махаа 150 мянгад авсан бол энэ жил 200 мянгаар авах нь. Бидний үеийн өндөр настангууд чинь ирсэн хүүхдүүдийн гарын алгыг дээш харуулах учиртай. Бага  ч гэсэн хүн болгонд бэлэг өгнө. Зарлага ихтэй шүү дээ. Гэхдээ яах вэ, жилдээ ганц болдог уламжлалт баяраа сайхан тэмдэглэхийн тулд байдаг чадлаараа л элбэг дэлбэг байхыг хичээнэ дээ.   

 “Меркури” захад үхрийн мах 8700-11000 төгрөгийн үнэтэй байна

Хотын төвд байрлах “Меркури” зах харьцангуй хөл хөдөлгөөн багатай байна. Энэ захын худалдагч нарын ярьж байгаагаар мах болон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр зарагдах нь ховор аж. Ихэнхдээ бага кг жижиглэнгээр зарагддаг гэнэ. “Хүчит шонхор” захтай харьцуулдахад  өргөн хэрэглээний бараа нэлээд үнэтэй юм.

Гэхдээ хотын төвд амьдардаг, хүнсээ их хэмжээгээр авах завгүй иргэд энэ захаас юм авдаг ажээ. Энд үхрийн мах 8700-11000, хонины мах 7500-9800, гахайн мах 7000, тахианы мах 5000-5600 төгрөгийн үнэтэй байна. Харин монгол байцаа кг нь 2500, лууван 1500, сонгино 2000, саладны навч 5000, огурцы 5500, помидор 5000, төмс 800 төгрөгийн үнэтэй байлаа. “Меркури” захад ойрд жимс, нарийн ногоо сайн гүйж байгаа гэж худалдагч нар ярьж байлаа.

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99673831(103.57.93.70) 2025 оны 03 сарын 13

Ямааны мах бөөндөнө Утас99673831

1  |  0
Top