Нийслэлийн прокурор 65 хэрэгт ял үйлджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр сард яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийн талаар мэдээлэл хийв. Тус газраас өнгөрсөн хоёр сарын хугацаанд олон нийтийн анхаарал татсан 65 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 14 нь бусдын аминд хүрсэн,  12 нь бага насны хүүхэд хүчиндсэн, 7 нь авлига, албан тушаалын, 5 нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан, аймаг, нийслэлийн дүүрэг дамжсан олон үйлдэл, яллагдагчтай хулгай, дээрэм, залилангийн 4, байгаль хамгаалах журмын эсрэг 2 хэрэг байжээ. Тухайлбал, АНУ-ын иргэн Жон Мартин Кийний амь насыг хөнөөсөн Ч.Баттуулд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 23 жилийн ял оноосон юм. Мөн төрийн ордон дахь "Хадгаламж банк"-ны эрхлэгчээр ажиллаж байсан Д.Доржханд, хянагч теллер З.Ганчимэг, теллер Б.Лхамсүрэн нар бүлэглэн харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг завшсан гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөн "Гал үндэстэн холбоо" ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр нар, "Цэвэр агаар сан"-гийн удирдлагуудын улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хэрэг, Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар, АТГ-ын Ч.Гансүх нарын хэрэгт нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяалагдах шүүхэд шилжүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар Нийслэлийн прокурорын газарт 38 хэргийг хянаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top