Хайр дурлал доромжлол дунд байдаггүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

Өнөөдөр “Сургуулийн орчин, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх зөвлөмж, зөвлөлдөх уулзалт” боллоо. Уулзалтад БШУЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, МОХ, ХЭҮТ, НҮБ болон хүний эрхийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлүүд оролцсон юм. Тэд хэлэлцүүлгийнхээ эхэнд энэ сарын 20-нд болсон “Хүчирхийллийн төлөө нэгдэцгээе” уулзалтад  Ерөнхийлөгчийн  хэлсэн үгийг дахин санахаар, дүрс бичлэгийг үзэцгээсэн юм.


Ерөнхийлөгч хэлэхдээ “Хүчирхийллийн эсрэг яаралтай авах зарим арга хэмжээнийхээ талаар ч оролцогчдод санал болгосон. Гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн эмэгтэй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын  тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Учир нь гэр бүлийн хохирогчдын ихэнх нь охид эмэгтэйчүүд. Тэдэнд эмзэг асуудлууд гардаг.

“Хайр дурлал доромжлол дунд байдаггүй.  Гургалдай шувуу торон  дотор дуулдаггүй юм. Гүнж бол цайзан дотор жаргадаггүй юм. Хүчирхийлэгчийг мэдсээр байж дуугарахгүй, ямар нэг үйлдэл хийхгүй, чимээгүй байдал хохирогчийг хамгийн их өвтгөдөг. Сайн хүний чимээгүй байдал муу хүний муу үйлдлээс дутахгүй аюултай. Тиймээс хүчирхийлэлтэй холбоотой  сургалтыг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулах нь хүүхдийг эрхээ мэддэг болгож өсгөнө. Бага байхад нь сургаж өгвөл  хүүхэд хохирогч байхаас өөрийгөө хамгаалж чадна. Балчир жаахан байхаас нь бага ангиас нь хэзээ ч ямарч тохиолдолд эмэгтэй хүүхдийг зодож, зохиж, айлгаж болохгүй гэдгийг ойлгуулж, хүмүүжүүлэх ёстой” гэсэн юм.


Манай оронд гэр бүлийн хүчирхийлэл маш их гарч олон эмэгтэйчүүд, хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Тиймдээ ч хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд болон  БШУЯ хамтран хүүхдийг сургуулийн наснаас нь хүмүүжүүлж, хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийлэлд өртөхгүй хүн болгох талаар арга хэмжээ авч, санал бодлоо солилцож,  хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм байна. Уг хэлэлцүүлгийн үеэр БШУЯ-ны Стратеги, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ж.Нарантуяа ийн ярьлаа.


-БШУЯ-аас хүүхдийн хөгжлийг дэмжсэн ямар ажил хийж байна?

-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой, хүүхдийн авьяасыг дэмжих бодлого явж байгаа. Үүнтэй холбоотойгоор багшын ажил, сургалтын орчин зэрэг хүүхэд рүү чиглэсэн бүх төрлийн арга хэмжээг авч ажиллана. Хүүхэд нэг бүрийг  хөгжүүлэхийн тулд багш тухайн хүүхэд бүрийн онцлогт нь тохирсон арга барилаар сургах ёстой гэдгийг багш нарт ойлгуулж байна. Мөн хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо маш чухал. Сургууль дээр бол нийгмийн ажилтан хүүдийн хүмүүжилд анхаарна. Хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлж, хүүхдийн хөгжлийг дэмжих хүүхдээ хамгаалах ажлуудыг авч хэрэгжүүлнэ.

-Сургуулийн насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх тохиолдол нэлээдгүй гарч байна. Үүн дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Хүүхэд хоорондын харилцааны асуудал маш чухал. Ялангуяа сургуулийн орчинд, хувь хүмүүс хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байх ёстой. Эцэг эх, багш, хүүхэд, нийгмийн ажилтан хамтарч ажиллах хэрэгтэй байна. Энэ хүүхдийн хүчирхийллийн асуудал бол БШУЯ дан ганцаараа шийдвэрлэх асуудал биш. Хүүхдүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сургалтын агуулга сургалтын орчин багшын арга зүйгээр дамжуулаад сургалт зохион байгуулж судалгаа хийж, олон талын арга хэмжээ авч байж шийдвэрлэх асуудал болоод байна. Мөн иргэд, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага гаргаж сурах бичиг дээрээ энэ асуудлыг тусгана. Хүчирхийлэлтэй нийгэм тэр чигээрээ тэмцэж, хаа хаана эл асуудлыг авч хэлэлцэж, оновчтой шийдвэр гаргаж, хичээж ажиллаж байж л шийдвэрлэгдэнэ.

Н.Ганчимэг

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top