Манай улсын хилээр хууль бусаар гарсан Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн 75 хувь нь бүтэн ясыг өнгөрсөн хавар эх орондоо авчиран түр музей байгуулсан нь гадны жуулчид болон нийслэлчүүдийн хөлд дарагдсан. ССАЖЯ-наас Итали улсад 20 гаруй жил хадгалагдсан 186 түүхийн үзмэрийг тун удахгүй эх оронд авчирах гэж байна. Уг үзмэрийн 60 гаруй нь үлэг гүрвэлийн олдвор харин үлдсэн нь яст мэлхий, далайн амьтад, нэн ховор олдворууд байгаа аж. Түүхийн үнэт олдворууд 1980-аад оны үед Европийн олон орноор үзэсгэлэн хэлбэрээр аялаж яваад эх орондоо ирж чадалгүй 1990-ээд оны үед Итали улсад гацчихсан байх юм. Үүнээс хойш уг үзмэрүүд нэгэн хувийн байгууллагын баталгаат агуулахад хадгалагдан 20 гаруй жилийн нүүрийг үзжээ. Тухайн үед манай улс ардчилсан нийгэмд шилжиж энэ үзмэрүүдийг анзааралгүй өнгөрөөсөн байх магадлал тун өндөр. Гэхдээ энэ бүхнийг шалтгааныг олон янзаар тайлбарлаж буй. Тухайлбал 1990 оны үед хууль бусаар гарсан үзэсгэлэнг буцааж нэхэмжлэх хөрөнгө санхүүг гаргах байгууллага олдоогүй. Эсвэл төрийн засгийн эрх мэдэлд байсан хүмүүсийн санал, санаачилга дутсан, хууль эрх зүйн орчин бүрдээгүй байж магадгүй хэмээн судлаачид үзэж байгаа.
ССАЖЯ 26 жилийн өмнө эх орноосоо хууль бусаар гарсан үзмэрүүдийг авчирахын тулд ажлын хэсэг гарган Итали улс руу явуулахад маш том асуудал тулгарсан байна. 1990 оноос хойш тус улсад маш олон засгийн газар солигдсон учир үзмэрүүдийг Монгол улсаас орж ирсэн гэх нотлох баримт устаж үгүй болсон байжээ. Харин энэ бүхэнд Итали улс "Танай үзмэр шиг юмнууд энд байна. Гэхдээ монголоос ирсэн гэдгийг нотлож чадахгүй бол бид хилээрээ гаргаж чадахгүй" гэдэг хариултыг хэлсэн аж. Түүхийн үнэт олдворуудыг нааш нь ачуулахын тулд Гадаад харилцааны яам болон Элчин сайд гэх мэт холбогдох бүх байгууллагууд хамтран ажиллаж бичиг баримтыг дахин сэргээж чадсан байна. 1980-аад онд түүхийн үнэт олдворуудыг 130 модон хайрцаганд хийж хадгалсан нь Европийн холбооны сав баглаа боодлын дүрмийг зөрчиж байна хэмээн хил гаргахгүй гэжээ. Тийм учраас хайрцагийг нь стандартын дагуу өөрчилж нааш ачуулжээ. Зарим үзмэрүүд далайд явж буй бол нэн ховор олдвор болох үлэг гүрвэлийн ясыг онгоцоор Токио хот руу тээвэрлэж уг хотод үзэгчдийн хүртээл болж байгаа. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )