”Зиндаа.мн” оны онцлох үйл явдлыг нэрлэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 30

Өнгөрсөн жил Монгол Улсад төрийн тэргүүнээ сонгох  сонгууль болж, хамгийн олон гадаадын өндөр дээд албаны зочид төлөөлөгч манай улсад айлчлан ирлээ. Тодруулбал, энэ 2013 он улс төр нийгмийн халуухан үйл явдлаар дүүрэн байсан хэлж болно. Ингээд "Зиндаа.мн" мэдээллийн сайт өнгөрч буй оны онцлох үйл явдлыг нэрлэж байна.

Улс төрд


 

Төрийн тэргүүн улиран сонгогдлоо

Монгол Улсын төрийн жолоог Цахиагийн Эл бэгдорж ирэх дөрвөн жилд үргэлжлүүлэн жолоодох болов. Төрийн тэргүүнээ сонгосон  өмнөх таван сонгуулиас ялгарах онцлог нь анх удаа эмэгтэй хүн нэр дэвшин өрсөлдсөнд оршино. Мөн Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж, бас анх удаа үндэсний бөхийн Далай даян дархан аварга, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар хүнийг улстөрийн томоохон хүчин болох МАН нэр дэвшүүлсэн нь олны анхаарлыг татсан юм. Энэ оны долдугаар сарын 26-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж  622794 санал буюу 50.23 хувийн санал авч, улиран сонгогдов. 

Ардчилсан улс гэдгээ батлахын тулд Улаанбаатрын нүүрийг угааж гадны зочдыг угтав

Монгол Улсад  Ардчилсан орнуудын Хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурал боллоо. Дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын Хамтын нийгэмлэгийг манай улс 2011 оноос эхлэн даргалж ирсэн юм. Энэхүү бага хурлын үеэр 140 гаруй орны 1000 орчим хүндтэй зочид төлөөлөгчид манай улсад айлчилж,  10 гаруй орны төр, засгийн тэргүүн, мөн тооны дэлхий дахинаа нэр хүндтэй улс төрийн зүтгэлтнүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүндэт зочноор урив. Энэ чуулга уулзалтын өмнө цагдаагийнхан "өвгөнт"-ийн гэх тодотголтой архичдыг ачиж, хог түүж, хотын төвөөр сэлгүүцдэг хүүхдүүдийг хэсэг зуур нууж, замаа хүртэл угааж, хуучин нураасан байшингуудыг ногоон тороор бүтээж их л бэлтгэл хийж байж хүлээж авлаа.

Уул уурхайд

 

Оюутолгой гэдийж, Засгийн газар бөгтийв.
Монголын Засгийн газар өнгөрсөн жилээс “Оюутолгой”-н гэрээг шинэчлэх тал дээр хатуу байр суурь баримталж байгаа билээ. Оюутолгойн 34 хувийг эзэмшиж буй төр эзэмшлээ 50 хувь хүртэл өсгөж, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх байр суурьтай байсан. Гэвч Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалтаа зогсоож 2000 гаруй монгол ажилчныг гэрт нь буцааж тохуурхлаа. Ямартай ч Монголын Засгийн газар буулт хийж, нэг хэсэг ассан гал шиг дүрэлзэж байсан Оюутолгойг тойрсон хэрүүл намжмал байдалд ороод байна. Гэхдээ Засгийн газар яг ямар буулт хийсэн нь тодорхой бус  байсаар шинэ онтой золгож байна. 

 

 

Нийгэмд

 

 

Төрийн ордон руу зэвсэглэн дайрав

УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн Төрийн ордны гадна буун дуу гарсан нь олныг хирдхийлгэв. Эзэн холбогдогч нь Ц.Мөнхбаяр тэргүүтэй “Гал үндэстэн” холбооныхон. Шалтгаан нь Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн үзлээс үүдэлтэй. Хэдийгээр хүний амь эрсдээгүй ч Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177, 91 гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднээс эскиз маркийн буу нэг ширхэг, сайга маркийн буу нэг ширхэг, 7.62 мм-ийн бууны сум 46 ширхэг, F1RGD маркийн гар гранат есөн ширхэгийг хураан авсан талаар тагнуулын албаныхан  сүр дуулиантай мэдээлэв.

 

Батаар сайдын ачаар Ммонголын музей "сэргэв"

Эх нутгаасаа гараад хоёр жилийн дараа Тиранозавр Батаар ирлээ. Зүгээр л нэг яс гэж бодох хүмүүс бий. Гэхдээ нэг л яснаас түүхийн учиг хамаардаг гэдгийг дэлхийн түүх бэлхнээ харуулна. Устаад олон жил болсон энэ амьтны ясыг хамгаалж, судалгаа шинжилгээнд ашигладаг нь цаанаа учиртай. АНУ болоод ОХУ, бусад улсууд үлэг гүрвэлийн ясыг хамгаалж, судалгаанд шилжүүлдэг. Энэ ажилдаа ч бусад улсаас илүү хөрөнгө төсөвлөдөг аж. Зарим улсад бүхлээрээ олдох тохиолдол тун бага ч шилбэ болоод хавирганы яс нь хэсгээрээ олдвол бусад материалаар орлуулан үзмэр болгодог билээ. Ийнхүү хууль бусаар хил давсан түүхийн үнэт олдворыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл эх нутагтаа ирэхэд хичээл зүтгэлийг их гаргасан бөгөөд дээрх үзмэр  ирээд хоёр сарын дотор 232 сая төгрөгний орлого олсон байна.


 

 

Соёл урлаг

К-поп одод, алдарт "Blue" хамтлаг Монголд


 

БНСУ-ын “Core Contest Media” энтертайнментад харьяалагддаг “Т-ара”, “Давичи”, “Сияа”, “Спийд” хамтлагийнхан ETV HD телевизийн урилгаар манай улсад ирсэн. Тэд 9 дүгээр сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглосон  бөгөөд тасалбарын үнэ 35, 50, 150 мянган төгрөг байсан юм. “Т-ара” хамтлагийнхны талаарх сонирхолтой мэдээллээс хүргэхэд . 2009 онд байгуулагдсан “Т-ара”-гийнхан “Үнсгэлжин залуу” киноны”Сайн хүн” дууг анх амилуулж олны танил болжээ. “Т-ара” хамтлаг анх “Super Rookies” нэртэй байсан гэнэ.

“All Rise”, “Sorry Seems To Be Hardest Word”, “Fly By”, “One Love” зэрэг дуунуудаараа үе, үеийн залуусын зүрх сэтгэлд хоногшсон, Британийн хөгжмийн дээд шагналын эзэд алдарт “Blue”  хамтлаг ирсэн. Тэд Монголын үзэгч, фэнүүддээ зориулан бүх хитүүдээс бүрдсэн гэрэл, хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх бүрэн хэмжээний аялан тоглолтоороо бэлэг барисан юм.

 

 

Спорт


 

Монгол хүү дэлхийн аварга болов

Энэ оны 9 дүгээр сарын 30-нд Туркийн Анталия хотноо эхэлсэн Шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.  

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын залуу шатарчин, дэд мастер С.Билгүүн тэргүүлснээр ФИДЕ Мастер цол, 2200 рейтинг авсан бол эмэгтэйчүүдийн ангилалд мөн Монголын залуу шатарчин Б.Ану түрүүлж, эмэгэтйчүүдийн ФИДЕ Мастер цол, 2050 рейтинг авч, чансаагаа ахиулсан.

Тэмцээнд 16 орны 70 орчим шатарчин оюун ухаанаа сойсноос эрэгтэйчүүдийн ангилалд 14 настай С.Билгүүн насанд хүрэгчдийн хамт өрсөлдөж, 7,5 оноогоор түрүүлсэн байна.

Тэрбээр нийт есөн өргийн тоглолтоос долоон өрөгт хожиж, нэг тэнцэж, нэг тоглолтод хожигдсон байна. Мөн эмэгтэйчүүдээс Б.Ану дөрөв хожиж, хоёр тэнцэж, гурван өрөгт хожигдсоноор 5,0 оноотой тэргүүлжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.82.117) 2025 оны 03 сарын 13

нэг л буруу хүн дахин гарч ирлээ. сонгуулийн тактика махинаци сайн зохион байгуулагдсан.үнэхээр иргэд сонговуу яаж яваад 50 хувийг авчихав даа Удвал санал хуваасан гэхдээ шийдвэрлэх нөлөө үзүүлж чадахгүй дутсан Аз мэдсэн хэрэг МАНАН өтгөрсөөр л байна Иргэд минь төөрөх юмаа өөрсдөө хийлээ

1  |  0
чимэд(124.158.82.117) 2025 оны 03 сарын 13

нэг л буруу хүн дахин гарч ирлээ. сонгуулийн тактика махинаци сайн зохион байгуулагдсан.үнэхээр иргэд сонговуу яаж яваад 50 хувийг авчихав даа Удвал санал хуваасан гэхдээ шийдвэрлэх нөлөө үзүүлж чадахгүй дутсан Аз мэдсэн хэрэг МАНАН өтгөрсөөр л байна Иргэд минь төөрөх юмаа өөрсдөө хийлээ

1  |  0
Зочин(103.57.92.251) 2025 оны 03 сарын 13

Дараагийн сонгуулиар энэ асуудлыг шийдэх ёстой эсэхийг ярих болохоос одоо өөрөө өөртөө боломж олгож ажиллах нь зохисгүй гэж бодож байна.Эрхэм ерөнхийлөгч та би Монгол хүн гээд байсан яасан бэ. Гуравхан сая хүнийг авч явж чадахгүй байна уу. Харамсалтай байна.

1  |  0
Top