2032 хүний эрдэнэт амь насыг авран хамгаалжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 01

Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагаас “Улаанбаатар хотын гал унтраах технологи, тоног төхөөрөмжийг сайжруулах” буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд нийт 840 сая иен буюу 14.2 тэрбум төгрөгийн өртөгтэй галын 22 автомашиныг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн нь Онцгой байдлын албаны албан хаагчдын үйл ажиллагаанд тун чухал хэрэгцээтэй зүйл юм. Монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан Япон Улсад захиалгаар үйлдвэрлэсэн эдгээр галын автомашин Онцгой байдлын салбарын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж нийслэлийн хүрээний аврах, гал унтраах ангиудын автомашин 100 хувь шинэчлэгдсэн нь арвангурван онд хийгдсэн томоохон өөрчлөлт юм.

- Монгол Улсын хэмжээнд 2013 онд 4467 гаруй удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас улс болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 21,9  тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Харин Онцгой байдлын албаны албан хаагчид 2013 онд  аюулт үзэгдэл, ослоос 2032 гаруй эрдэнэт хүний амь нас, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 25,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан амжилтыг онцолж байна.

-Онцгой байдлын ерөнхий газраас Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран “Гамшгийн менежментийн бүсийн зөвлөлдөх хорооны 10 дугаар хуралдаан”-ыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа. Тус хуралдаанд дэлхийн 19 орон, олон улсын 20 гаруй байгууллага, төрийн болон бус байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцов.

- Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Нарны жим” 50 ангит уран сайхны кино бүтээх төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

-НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын албаны албан хаагчид 3 дах жилдээ оролцож байна. Онцгой байдлын албаны 100 орчим албан хаагч энэ хугацаанд хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж Монгол Улс болон Онцгой байдлын албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөөр байна.

Ийнхүү Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг аврах, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд зүтгэдэг албан хаагчид маань мэргэжлийн ур чадвараа олон улсад таниулан нэр төртэй ажиллаж байна. 

-Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хүрээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2013 онд давхардсан тоогоор 240 орчим албан хаагчийг АНУ, ОХУ, БНХАУ, Киргизстан, Казахстан, Беларус, Тайланд, Индонез, Япон, Солонгос, Малайз, Итали, ХБНГУ, Бельги зэрэг улсад урт, богино хугацааны сургалтад хамруулсан байна.

ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж энэ оны 11 дүгээр сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Иргэний хэргийн яамтай “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурснаар 2014 онд БНХАУлсад боловсон хүчин бэлтгэх эрх зүйн орчин бүрдсэн томоохон үйл явдал боллоо.

Мөн Онцгой байдлын ерөнхий газраас 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төв, орон нутгийн онцгой байдлын анги, салбарын бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор техник, тоног төхөөрөмж, өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлээр 100 хувь хангалаа. Онцгой байдлын хэмжээнд автомашин, техник хэрэгслийн парк шинэчлэл 2012 онтой харьцуулахад 11 хувиар өссөн байна. Жишээ нь ОХУ, БНХАУ, Япон улсад үйлдвэрлэсэн галын үндсэн албаны Камаз автомашин, аврах ажлын бүрэн тоноглолтой автомашин, ковш, газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой завь зэргийг дурьдаж болох аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top