Хамгийн моодны хүнийг тодруулсан “Online Media Awards 2013”

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

 

Мэдээллийн сайтуудын ассоциациос Монголд анх удаа “Online Media Awards 2013” арга хэмжээг зохион байгуулаад байгаа билээ. Дэлхий дахинд хүчээ авчихаад байгаа онлайнд суурилсан сэтгүүлзүй, иргэний сэтгүүлзүйн хавсарсан давалгаа Монголын  өнөөгийн нийгэм, иргэдийн амьдралтай ч бат бэх гагнагдчихаад байгаа энэ үед цаг үеийн шаардлагын дагуу зохион байгуулагдсан гэж болох энэхүү арга хэмжээ 11 номинацид шилдгүүдийг шалгаруулсан юм. Шалгаруулалт үнэн бодит явагдсаныг нийт олон харж, мэдсэн учир илүүг нуршаад хэрэггүй болов уу. Түүнчлэн олон нийтийн шударга шүүлтүүрээр тодорсон шилдэг номинацийн эздийн хувьд үйл ажиллагааныхаа нийгэм дэх үр нөлөөлөл, далайцыг үнэлж өгсөн үнэлэмжид хүндэтгэлтэй хандаж байгаад эргэлзэхгүй байна.

 

“Online Media Awards 2013”-ын 11 номинаци бүгдээрээ олны анхааралд байсныг хэлэх хэрэгтэй. Тухайлбал,  “Сайтуудад  хамгийн их бичигдсэн хүн”  номинацийн эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шалгарсан. Энэ номинацийн эзнийг тодруулахдаа Online PR Agency Байгууллагаас 2013.01.01-2013.12.18 хооронд мэдээллийн 120 сайтад мониторинг хийж оны хамгийн их бичигдсэн хүнийг шалгаруулсан юм. Уг мониторингийн судалгаанаас үзэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ШӨХТГ-ын дарга О.Магнай нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн араас удаалсан байсан.

 

Тэгэхээр  “Сайтуудад хамгийн их бичигдсэн хүн” гэдэг энэ номинаци манай тухайд шинэ байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Мэдээж гадны жишгийг харахад бол бий л дээ. Тухайлбал, Google-ээр хамгийн их нэр нь хайлт хийгдсэн хүнийг тодруулахад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тодордог ч юм уу, тийм жишиг бий. Тэгвэл манайд өмнө нь хэвлэлийн баатар гэж байснаас сайтын гэх тодотголтой “баатар” тодорч байгаагүй юм.

 

Тиймээс энэ номинацийн талаар  “Мэдээллийн сайтуудын ассоциаци”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн М.Буянбадрахаас тодруулахад  “-Үүнийг бид бодоод олчихсон юм биш. Америкт бол тухайн онд хамгийн олонд давтагдсан үг гэхчлэн тодруулдаг шүү дээ. Тэр нь тэгээд “татвар” гэж үг байдаг юм уу. Эсвэл Обама гэж үг ч юм уу. Бүх хэвлэлүүдийг шүүгээд тодруулчихдаг. Эсвэл Нью-Йорк Таймс сонин дээр 2012 онд тэр үг хамгийн олон давтагдсан гэхчлэн тодруулдаг. Яг тэрэнтэй л ижил юм. Хэн гэдэг хүний нэр цахим ертөнцөд сайнаараа ч, муугаараа ч хамгийн олон хэрэглэгдсэн бэ. Энгийн үгээр хэлбэл хэн моданд байсан бэ гэдгийг бид олмоор, хармаар, танимаар байна гэсэн санаа юм.” хэмээн хэлж байсан юм.

 

Тэгэхээр энгийнээр хэлбэр өнгөрөгч 2013 онд моданд байсан хүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорчээ ч гэж хэлж болохоор. Мэдээж өнгөрөгч онд Ерөнхийлөгчийн сонгууль болж, Ц.Элбэгдорж дахин сонгогдсон нь түүнийг энэхүү номинацийн эзнээр шалгарахад ихээхэн нөлөөлсөн биз ээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top