Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу цагдаагийн алба хаагч тэтгэвэрт гарахдаа цол, тэмдгээ хураалгана гэж байна. Өвгөн хурандаа гэдэг ойлголт үгүй болно гэсэн үг юм уу даа, янз нь.
Чухам яг яах гэж ийм өөрчлөлт хийсэн нь тодорхойгүй. Насаараа цагдаагийн албанд зүтгэж, ахлагчаас хурандаа, генерал болтлоо ажилласан хүмүүсийн бахархал албан тушаал, цалин мөнгө нь биш цол тэмдэг нь гэдгийг бүгд мэднэ.
Шинэчилсэн найруулгад “36.2.Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөнөөс бусад тохиолдолд цагдаагийн албан тушаалын цолыг хураана” гэжээ. Харин тэр бусад тохиолдол гэдэгт нь тэтгэвэрт гарах багтаж буй аж.
Тэтгэвэртээ гарсан өвгөн офицерууд цолоороо түрий барьж, хэрэг төвөг хийсэн гэж лав дуулдаагүй. Эсвэл зөнөгтэй нь тэнэг залгачихаад хуучин ажил дээрээ ирж түйвээгээд байдаггүй байлтай.
Ер нь Цагдаагийн албаны тухай хуульд хэд хэдэн асуудал байгааг хууль батлагчдаас тодруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тухайлбал, “6.5.Энэ хуулийн 6.4-т заасан хотын цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын захирагч томилно” гэсэн заалт. Онцлохоос өөр аргагүй. Хотын дарга цагдаад эрх мэдэлтэй болно гэж ойлгоход бараг болно. Жинхнээсээ Ашиг сонирхлын тухай хуулийг сөхөхөөс өөр аргагүй.
Бас нэг заалт бий. Өнөө үеийн дарга нарын бүтэц данхайлгах гэсэн шилдэг аргуудын нэг. Хуульд заасны дагуу орон нутгийн ИТХ-ын дэргэд Иргэний зөвлөл гээчийг байгуулж, энэ нь орон нутгийн цагдаагийн 5-7 хүнтэй албыг хянаж, шалгах аж. Тэгвэл хуульд, журамд, бас цагдаагийн төв байгууллагын тайлан дахь дүр төрх орон нутгийн цагдаагийн албаны үнэн нүүр царайнаас алд дэлэм зөрдөг гэдгийг бүгд мэднэ.
Хүн хүчгүй, эрх мэдэлгүй, мөнгө төсөв муутай орон нутгийн цагдаа хүрч ажиллах газартаа ч бүрэн хүрч чадахгүй. Дээрээс нь эрх зүйн зохицуулалт нь өөрөө манан татсан шил шиг бүрхэг. Ийм байхад цагдаагийн хүчийг нэмэхийн оронд Иргэний зөвлөл гээч бүхэл бүтэн бүлгийг хуульд маш тодорхой оруулсан нь Х.Тэмүүжингийн мөрөөдөл биш байгаасай.
Мөн хуулийн 28.3-т “Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэх алба хаагчид галт зэвсэг олгох, алба хаагч нь галт зэвсгийг биедээ авч явах эрхтэй” гэж заажээ. Яг үнэндээ монгол цагдаа нарт наад захын нулимс асгаруулагч, цахилгаан бороохой байдаггүй. Хангамжаас болдоггүй юу, эсвэл иргэдийг гэмтээчих вий гэж айсан уу. Нэг муу резинэн бороохойтой хаа сайгүй явж, хэв журам зохицуулна гэвэл угаас бүтэшгүй хэрэг. Ямартай ч дээрх хуулиар цагдаа нар галт зэвсэг эзэмших эрхтэй болж байна.
“39.1.Аймгийн төвөөс бусад суманд томилогдсон цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ” бас нэг асуудалтай заалт. Орон нутагт томилогдон очсон цагдааг тухайн цагдаагийн байгууллага орон байр, элдэв эсэн зүйлээр хангахад даанч дэндүү тарчиг төсөвтэй.
Үүнийг орон нутгийн удирдлагад шилжүүлэх тухай олон ч жил ярьж байгаа. Бүтэхгүй гэдэг нь ч тодорхой болов.
За ямар ч байсан дахин шинэчилж, сайжруулсан байх магадлалтай хууль нэг иймэрхүү л байна даа.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )
ashgui dee tsagdaa mine buutai boloh n... gehdee hiin buu arai bish biz...