Өнгөрсөн он дэлхийн топ баячуудын хувьд азтай жил байлаа. "Блүүмбэрг" агентлагийн явуулсан судалгаанд 300 хүн хамрагджээ. Тэдний нийт хөрөнгө нь 3.7 наяд ам.доллар. Шинжээчдийн онцолсноор өндөр технологитой холбоотой эдийн засгийн салбарынхан илүү их орлоготой байж. Жагсаалтын нэгдүгээрт, "Майкрософт" компанийн ТУЗ-ийн дарга Билл Гейтс багтжээ. Тэрээр өнгөрсөн онд ч тус жагсаалтыг тэргүүлж байсан юм. Түүний нийт хөрөнгө 78.5 тэрбум ам.доллар. Билл Гейтс 2013 онд 15.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Судлаачдын үзэж буйгаар корпорацийнх нь хувьцаа нэг жилийн хугацаанд 30 хувиар өсчээ. Түүний мэдлийн олон аж ахуйн нэгжүүдийн активууд нь бас өссөн үзүүлэлттэй гарчээ. Жагсаалтын хоёрдугаарт, Мексикийн магнат Карлос Слим (73 тэрбум ам.доллар) багтжээ. Мэргэжилтнүүдийн онцолсноор өнгөрсөн онд түүний бизнес тийм ч амжилттай байгаагүй аж. Карлос Слим 1.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна. Удаахь байранд Испанийн тэргүүн баян, "Inditex" худалдааны төвийн магнат Амансио Ортега (66.4 тэрбум ам.доллар) багтсан байна. А.Ортегогийн хувьд өнгөрсөн оны эцсээр бараг есөн тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. "Блүүмбэрг"-ийн мэдээлснээр Оросын тэрбумтнууд дотроос хамгийн амжилттай нь жижиглэнгийн худалдааны бизнес эрхлэгч "Магнит" сүлжээг хамтран эзэмшигчдийн нэг С.Галицкий. Энэ эрхмийн хөрөнгө өнгөрсөн оныхтой нь харьцуулахад 5.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Түүний нийт хөрөнгө 13.8 тэрбум ам.доллар аж. Харин Оросын тэрбумтан А.Усманов урьдын адил улсынхаа тэргүүн баян хэвээр байна. 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрээр өнгөрсөн онд 1.3 тэрбум ам.долларын ашиг олжээ.

Сэтгэгдэл ( 0 )