Гепапит B вирусийн вакцин үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг эзэмшдэг Хятадын эм үйлдвэрлэгч гурван том компанийн үйл ажиллагааг түр хаажээ. Тухайлбал, "Бээжин Тяньтан", "Шэньжэн Кантай", "Далянь Хиссен" зэрэг эмийн үйлдвэрүүд үйл ажиллагааг нэгдүгээр сараас эхлэн зогсоосон талаар "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна. Эдгээр компаниудын үйл ажиллагааг зогсоох болсон нь Засгийн газраас тавьсан эм, тарилга үйлдвэрлэх стандарт, шаардлагыг хангаагүй гэж үзсэнтэй холбоотой.
2013 оны сүүлээр тус улсад гепатит B вирус буюу элэгний шар өвчний эсрэг урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн арав гаруй нярай амиа алдсан билээ. Үүнийг ажиглагчид болон хариуцсан байгууллагынхан эм үйлдвэрлэгч компаниудыг буруутгаж гэж үзсэн юм. Тиймээс арванхоёрдугаар сарын 21-27-ны өдрүүдэд эм үйлдвэрлэлийн байгууллагуудад шалгалт явуулжээ. Шалгалтаар "Шэньжэн Кантай" компанийн үйлдвэрлэсэн В гепатитын вакцинд чанарын асуудал гараагүй бөгөөд амиа алдсан нярай нарт уг үйлдвэрлэлийн вакциныг тариагүй гэжээ. Харин нөгөө хоёр компанид хийсэн шалгалтын дүнг одоогоор танилцуулаагүй байна. Хэдийгээр дээрх гурван компанийн вакцин үйлдвэрлэх эрхийг хассан ч В гепатитын вакцины нийлүүлэлтийг таслан зогсоохгүй хэмээн албаныхан мэдэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )