“Гранд” амжилт дагуулан ирлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

Нэгэн оныг үдэж нэгэн шинэ жилийг угтан авсан 2014 оны анхны дугаараа “Гранд” сэтгүүл та бүхэнд өргөн барьж байна. Тус сэтгүүлийн хамт олон он солигдох торгон мөчид ололт амжилтаа бататгаж, оны шилдгийн шагнал гардсан халуун баяраа уншигч та бүхэнд онцлон дуулгаж байна. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй сэтгүүлзүйн салбарт өнгө төрхөө тодоос тод хадгалсан “Гранд” сэтгүүлийн түүхийн хуудас ийн зузаарсаар байна. Сонины холбоо, МСЭ-ийн шалгаруулалтанд тэргүүлж нэр хүнд бүхий шагналын эзэн болсон нь тэдний амжилтын нэг илэрхийлэл юм.

 

2013 оны сүүл, шинэ жилийн нижгэр баярын хажуугаар нийтээр хөөрсөн улсын хэмжээний баярт үйл явдлууд олон тохиосон билээ. Үргэлж бусдаас нэг алхмын түрүүн алхдаг “Гранд”-ын хамт олон сонин содон фото зургуудаараа нам намын шинэ жилийн баяруудыг тольдов. “Ялсан баатрын сүр” гэдэгчлэн АН аархал дүүрэн нэг ч хэвлэлгүйгээр “Next stop” цэнгүүнээ нижгэр тэмдэглэв. Өнгөтэй өөдтэйгөө өмсөж зүүсэн зочид хэвлэлийнхэн рүү хялам хийх ч эрхгүй тушаал авсан цэрэг шиг дотогш орж буй содон агшнууд тус сэтгүүлийн нүүр хуудаснаа гарчээ.

 

Хэзээний хуучинсаг “өвгөжөөр” намаараа дуудуулдаг МАН харин бүх зочдодоо малийтал инээн патериа татуулахыг үүрэгдсэн нь хэр амжилттай болсныг та мөн хараарай. Зөвхөн намын шинэ жил гэж нийтэн дундаа хийлгүй МАН-ын бүсгүйчүүдийн, залуусын баяр тусдаа болж шагнал урамшууллаар “бороо” орсон нь шинэ жилийн нэг өнгө байлаа. “Гранд” сонин содон арга хэмжээ бүрт хүрч ажиллан сурвалжлагууд бэлтгэж амжсан нь таны сонирхлыг гарцаагүй татах болно.

 

Оны отгон “Гранд би” ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа байв. Саяхан эфирээр гаргасан ааш авираасаа болж багагүй шүүмжлэлд өртсөн дэд сайдтан жилд 5000 хүн эмчлэх үү, нийтийг хамарсан бодлого боловсруулах уу гэдэг дээр хэрхэн сонголт хийснийг та унших нь. Үй түмэн бактери устган туршилт хийхдээ ихэд эмээж байсан Ж.Амарсанаагийн нууц нь сахил санваартай нь холбоотой. Тэр одоо болтол гэнэн хийгээд амьдралдаа нэг ч дусал архи амсаж байгаагүй гэнэ шүү.  

 

Оны анхны “Гранд хүмүүс” буланд алдарт найрагч С.Есениний үүрдийн хайр Айседора Дунканыг онцлов. Домог мэт амьдрал, бүсгүй тавилан ямар яруухан хийгээд гуниг дүүрэн байдгийг түүний амьдрал харуулсан билээ.

 

Их хотын бүтээн байгуулалт, улс төрчдийн ноён нуруу болсон хатагтай нар, загварын ертөнцөд үүрийн цолмон мэт тодроод гэнэтхэн сураг алдарсан бүсгүйчүүд, энэ жил бүл нэмэх олны танил хатагтай нар тэргүүтэй олон багц мэдээллүүд таны сонирхлыг татах болно. Уламжлал ёсоор чих сортойлгом шар мэдээнүүд мөн багтсан.

 

“Гранд”-д оны эхний дугаараас эхлэн “Перфект” эмнэлгийн захирал Н.Оюун бүсгүйчүүдийн шунан дурлах болсон гоо сайхны мэс заслын талаар зөвлөгөөнүүдээ хүргэж эхэллээ. Чухам аль нь танд хэрэгтэй, аль нь эрсдэлтэй болохыг мэдэхэд илүүдэхгүй юм.

 

Монгол түмний уламжлалт их баяр болох Цагаан сар айсуй. Сар шинийн бэлтгэлийн нөр их ажлын хажуугаар “Гранд”-ын шинэхэн дугаартай өдөр бүрийг уйдах завгүй өнгөрүүлээрэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top