Нэгдүгээр сарын 5-нд Баянгол дүүргийн VI хороонд Х, Г нарын дуу бичлэгийн студид иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага үзлэг хийсэн байна.
Тухайн газар үзлэг хийхэд Х, Г нартай хамт хип хоп чиглэлийн дуу дуулдаг 15 залуугийн биеэс сэтгэцэд нөлөөлөх хар тамхи илэрсэн. Мөс хэлбэрийн бодис 1 гр, өвс хэлбэрийн бодис 1 гр илэрсэн аж. Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Хар тамхи хэрэглэж байгаад баригдсан залуус дотор нэр хүндтэй хип хопчин байгаагүй. Хип хопоор дуулах сонирхолтой залуус байсан” гэсэн хариултыг өгсөн юм. Энэ хэрэг дээр УМБГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа аж.
Эрүүгийн хуульд сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх мөнгөн төлбөр, эсвэл таван жилийн хорих ялаар шийтгэдэг юм байна.
2013 оноос энэ төрлийн гэмт хэргийг илрүүлдэг гурван нохой сургаж эхлээд байгаа аж. Энэ гурван нохойны тусламжтайгаар энэ хэргийг илрүүлсэн байна. Манай улсын хуульд хар тамхи ихээр хэрэглэдэг бусад орнууд шиг граммаасаа хамаараад ял шийтгэл авах биш хэрэглэсэн, түгээсэн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн заалттай байдаг байна.
Одоогоор манай улсад хар тамхи хэрэглэдэг, үүнтэй хамааралтайгаар бүртгэгдсэн 200 гаруй хүн байдаг аж. Хар тамхины хамааралтай болсон бол тухайн хүнд хоёрхон гарц байгаагийн нэг нь шоронгийн хаалга, нөгөө нь үхлийн хаалга. Хар тамхичин хүнд өөр сонголт байхгүй. Тийм учраас залуус болгоомжтой байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )