Хятадууд “ZTE”-гээр дамжуулж АНУ-ыг тагнадаг байсан нь илрэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын нэр дахиад л цуурайтах бололтой. Гэхдээ энэ удаа 400 тэрбумын хэргээр биш “ZTE”-тэй холбогдон нэрээ дуудуулах нь. Учир нь Хятадын “ZTE” компанийг улс орнуудын Үндэсний аюулгүй байдалд аюул учруулна гэж үзсэн Засгийн газрууд хориг тавьж эхэлжээ.

АНУ-ын Конгресс энэ компанитай холбоотой судалгаа, ажиглалтын тайланг Засгийн газартаа танилцуулсан ба энд “ZTE”-гийн оюуны өмчийн хулгай, АНУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулсан тухай дэлгэрэнгүй бичсэн байна.

Хамгийн ноцтой дээрх компани Хятадын армиас санхүүждэг. АНУ төдийгүй Европын улсуудад тагнуулын ажиллагаа явуулж, мэдээлэл нийлүүлдэг гэж үзсэн байв. Харилцаа холбоо, электроникийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээр дэлхийд толгой цохьдог энэ компанийн бүтээгдэхүүнээс чагнах ялтас илэрсэн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна.

Харин “ZTE”-г Монголд орж ирэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн хүн нь Ё.Отгонбаяр. Монголын зах зээлд анх орж ирэхдээ Засгийн газарт хоёр сая ам.долларын бэлэг өгч, 300 сая ам.долларын тендер авч байсан нь тухайн үед багагүй хэл ам дагуулж байсан юм. Энэ хэрэгт Боловсролын яамныхнаас гадна Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газрын хуучин дарга нар ч холбоотой гэдэг.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top