Өнөөдөр тусгаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Өнөөдөр Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ.1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.

1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ.

Тэгвэл өнөөдрийг хүртэл “Хүн буйн дээр хууль буй” гэдэг монголчууд Үндсэн хуулиа сэвтээлгүй явж чадав уу. Энэ асуултад харамсалтай нь бид бүдэрнэ. Хамгийн наад зах нь өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд “Шинэ хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна” гэх хэдэн арван гомдол, санал бий. Үүнийг хэлэлцэж, шүүж барахгүй л байна.

УИХ-аас хууль батлахдаа зориуд юм шиг Үндсэн хуультай зөрчилдүүлэх нь бий. Уг нь Үндсэн хууль гээч нь монголчууд өөрсдийн эрх ашиг, улсын сайн сайхны тулд өвөр хоорондоо байгуулсан дээд гэрээ гэгддэг. Харин одоо эцэг хуулиа өөрчлөх цаг болсон мэтээр төрд гарсан нөхөд цэцэрхэх болжээ. Ямартай ч өнөөдөр Монгол Улс тусгаар, бүрэн эрхэт гэдгийн илрэл Үндсэн хуулиа баталсан өдөр. Үүнийг монгол хүн бүр анхааран, тэмдэглэх ёстой.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top