Пневмони буюу уушгины хатгаа өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болсоор иржээ. Хатгаа туссаны улмаас дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд, жил бүр 1.5 сая орчим хүүхэд амь насаа алддаг гэсэн тоо баримт ыг ДЭМБ-аас гаргасан байдаг. Тус байгууллага хөгжиж байгаа орнуудын хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа пневмони өвчнийг хяналтдаа авахын тулд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2009 онд “Пневмонигоос сэргийлэх, хяналтанд авах дэлхий нийтийн төлөвлөгөө”–г боловсруулжээ. Мөн оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон байна.
Манай улсад ч, хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгаагийн өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байна. Тиймээс уушгины хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг бага насны хүүхдүүдэд хийдэг болохоор зорьж буй юм. 2016 он гэхэд эл вакциныг оруулад ирчих болов уу гэсэн таамгийг мэргэжилтнүүд хэлж байна. Харин дараагийн ээлжинд салхин цэцгээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа аж. Салхин цэцэг өвчин маш хурдтай тархдаг хэдий ч эндэгдэл багатай учир эхний ээлжинд хатгалгааны дархлаажуулалтыг түрүүлж авах нь зөв гэж үзэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )