Чингис хааны хөшөөнд цэцэг өргөлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Өнөөдөр шинэ ардчилсан тогтолцоог тунхагласан "Үндсэн хууль"-ийн өдөр тохиож байгаа билээ. Уг өдөрт зориулан Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд төрийн өндөрлөгүүд болон үе үеийн үндсэн хуулийг батлахад оролцож байсан депататууд оролцлоо. Өдгөөгөөс 22 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаас ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталжээ. Мөн шинэ Үндсэн хууль баталсантай холбогдуулан энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм.


Монгол Улсад 1924 оноос хойш  1924, 1940, 1960, 1992 онуудад тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байсан түүхтэй. Өмнөх Үндсэн хуулиудын мөн чанар, үүргийн сайн болон муу талыг шинжлэх ухааны онол, арга зүйд тулгуурлан эрдэмтэн судлаачид ул суурьтай бичсэн нь олон. 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталсан социалист маягийн хууль байжээ.


 Харин 1992 онд шинээр батлагдсан "Үндсэн хууль" нь манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top