Дөрвөн дүүргийн 342 мянган хүүхдэд эмнэлгийн 390-хэн ор ноогддог

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Улаанбаатар хот нэг сая гаруй хүн амтай. Хотын удирдлагууд байсхийгээд л "Метрополис хот" болсон тухай ярьдаг. Гэвч улаанбаатарчуудын амьдрах нөхцөл, орон байрны хангамж хэр байгаагийн бодит үнэнийг яасан ч нууж чадахгүй. Цэвэр ус, дулааны хангамж, утаагүй нийслэлийн тухай ярьдаггүй юм аа гэхэд хүн амын тал нь ч болтугай эмнэлгийн тусламж авч чадах хэмжээнд хүрсэн хойноо ингэж томорвол зохино. Энэ хотод төрж, өсөж буй хүүхдүүдэд эрүүл мэнд гэдэг ойлголт угаасаа байхгүй.

Учир нь өнөөдөр нийслэлийн дөрвөн том дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн тасаг нийлээд 390-хэн ортой ба өдгөө тэдгээрт 787 хүүхэд хэвтэн, эмчлүүлж байна. Тэгвэл энэ дөрвөн дүүрэгт нийт 0-18 насны хүүхэд 342 мянга бий аж.

Одоо энэ асуудлыг дан ганц нийслэлийн удирдлагууд шийдвэрлэж дийлэхээ өнгөрсөн. Ер нь манай эрх баригчид ч үүнийг анхаарахыг хүсдэггүй. Ямар нэг эмнэлэг барих болохоор болиулна, эсвэл байгааг нь шоронжуулна. Харин шоронгийн тоог нэмж, шүүх цагдаагийн цогцолбор барихдаа тулахаар эрдэмтдийг ч хамаагүй тэнгэ мунхагийг нь гайхдаг. Салбарын сайд нь бүхэл бүтэн эмнэлгийг ганц хүний төлөө битүүмжлэх шахна.

Гэтэл цаана нь Монголын мянг мянган хүүхэд эндэж, өвдөж, эрхтнээсээ хагацасаар байгааг анзаарах нүд бий ч сэтгэл дутаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top