Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэм ахлах сургуулийн 2-р ангийн сурагч Н.Энхбилэг нь 2013 оны 10-р сарын 8 ны өдөр сургууль дээрээ 7, 15 насны хүүхдэд хийх сахуу, татрангаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэснийхээ дараа хүндээр өвдөж, хуруугаа тайруулсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн мөрөөр тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч х/ч Г.Батаа энэ сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Халдварт өвчин судлалын төвийн их эмч С.Ананд, Д.Алтанзул нар Н.Энхбилэг болон Эрдэм ахлах сургуулийн сурагчдад хийсэн Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн BN021L3001A серийн дугаартай СТ-2 гэсэн вакцины чанар, түүний хадгалалт хамгааллаас болж Н.Энхбилэгийн бие муудаагүй. Харин дархлаажуулалттай давхцаж илэрсэн бие даасан өвчин буюу "Синдром Стевенса Джонсона" гэсэн өвчний оношийг урьдчилсан байдлаар гаргасан байна.
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар "Вакцин тарих үеэр сурагчдад үзлэг оношлогоо хийх байсан Оточномгон өрхийн эмнэлгийн их эмч Н.Дэжидмаа нь Эрдэм ахлах сургуулийн сурагчдад вакцин хийх үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзлэг хийгээгүй, 2013 оны 10-р сарын 14 өдөр Н.Энхбилэгийг вакцинаас харшилсан байдал, өвчний зовиуртай ээжийн хамт ирж үзүүлэх үеэр зохих эмчилгээ, оношилгоог зөв тавиагүй, холбогдох Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Тус эмнэлгийн сувилагч Э.Даваа Эрдэм ахлах сургуулийн эмч Н.Дуламсүрэн нар нь сурагчдад вакцин хийх үеэр бүх сурагчдыг үзлэгт хамруулаагүй тарилга хийхийн өмнө нэг удаагийн зүү тариур хэрэглэсэн эсэх, вакциныг зохих ёсоор хадгалж хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн зүү тариур вакцины шил шошгыг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр устгасан зэрэг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 106-р зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )