Энэ онд Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Төв, Завхан, Говь-Алтай гэсэн 8 аймгийн төвд дулааны станц шинээр барьж, шугам сүлжээг нь шинэчилнэ. Энэ ажилд нийт 24 тэрбум төгрөг төлөвлөсөн ба нэг аймагт 3 тэрбум төгрөгөөр төслийг эхлүүлнэ. Одоогийн байдлаар 5 аймгийн төв дулааны, 4 аймгийн төв дулаан-цахилгааны станцтай, 12 аймгийн төв халаалтын зуухтай байгаа юм.
Өнөөг хүртэл уурын зуухтай байгаа сумдаа Шинэчлэлийн Засгийн газар шинээр төлөвлөн хөгжүүлж эхэлсэн. Энэ онд бүх аймагт инженерийн дэд бүтцийг нь бүрэн шийдсэн жишиг сум босгоно. Үүнээс гадна 330 суманд дулаан, халуун усаар төрийн үйлчилгээний байгууллагуудыг хангах бага оврын станц барьж эхэлнэ. Удахгүй Монгол Улсын бүх сум төвлөрсөн дулаан, халуун усны системтэй болж, захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёл спортын төв гээд тус тусдаа уурын зуухтай барилга байгууламжууд нэг л янданд холбогдоно.
Нийслэлд номын дуу сонссон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нартай Засгийн газрын гишүүд уулзаж, салбарынхаа өнгөрсөн оны амжилт үр дүн, энэ онд тавьсан зорилт, төлөвлөгөөгөө танилцуулсан байгаа. Эрчим хүчний сайд М.Сономпил тэдэнтэй уулзах үеэрээ салбарын том төслүүдийг он дамжуулалгүй хэрэгжүүлэх, төрийн хөрөнгө оруулалтыг багасгаж хувийн хөрөнгө оруулалт оролцуулах чиглэл барьж байгааг онцлоод, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллахад аймаг орон нутаг санаачилга гаргах хэрэгтэйг хэлж байв.

Сэтгэгдэл ( 0 )