Газар өмчлөх бүртгэл дөрөвдүгээр сард эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

Нийслэлд энэ жилээс эхлэн гэр бүлийн зориулалтаар 52 байршилд  шинээр газар өмчлүүлэхээр болсон.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард иргэдэд өмчлүүлэх дээрх газруудын байршил зүйн зураг гаргах ажил хийгдэж дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн зураг төсөл буюу төлөвлөлтийн  ажил хийгдэж байгаа аж. Үүний дараа нийт хэдэн хүнд хэчнээн га газар өмчлүүлэх нь тодорхой болох юм байна. Үүнтэй холбоотойгоор газар өмчлөх хүсэлтэй эх орондоо амьдарч байгаа болон гадаадад байдаг иргэд тодорхой байршлуудад газар өмчлөх бүрэн боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл газар өмчлөхийг хүссэн иргэдийн өргөдлийг онлайнаар хүлээн авах болох гэж байгаа бөгөөд одоогоор программыг нь боловсруулж байгаа аж. Иргэдийг бүртгэх ажил төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс  хэрэгжиж эхлэх юм байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Батчимэг  “Ирэх дөрөвдүгээр сараас  эхлэн газар өмчлөх иргэдийн хүсэлтийг хүлээж авахаар ажиллаж байна. Одоогоор нарийвчилсан төлөвлөгөө болон бүртгэлийн программ хийгдэж дуусаагүй байгаа. Бүртгэж эхэлсэн тохиолдолд газар өмчлөх эрх нь үүссэн буюу бүртгэлийн код ирсэн иргэд л газар өмчлөх материалаа бүрдүүлэх шаардлагатай. Анх удаа газар өмчлөх эрхтэй хүмүүст тухайн код нь олгогдохгүй. Жишээлбэл Баянзүрх дүүргийн нэг байршилд нийт 5000 иргэнийг бүртгэсэн бол программын оноолтын системээр 3000 иргэнд л газар өмчлөх эрх үүснэ гэсэн үг. Эрх үүссэн иргэдийн утсанд код ирнэ. Тэрхүү кодоо өөрийн харьяа дүүрэгт хүлээлгэж өгснөөр бүрдүүлэх материал нь тодорхой болно”  гэх хариулт өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top