Цагдаагийн ар талын албыг энгийн ангилалд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг дагалдах төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж Тахарын алба шинээр байгуулагдаж байгаагийн зэрэгцээ Цагдаагийн байгууллага мөн шинэ бүтцээр ажлаа эхлүүлж буй юм. Тиймээс энэ бүхэнтэй холбогдож дээрх хуулиудыг батлах шаардлага үүсч, Засгийн газраас дээрх багц төслийг өргөн мэдүүлээд байсан юм. Үүнд цагдаагийн алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй албандаа хандах, үнэлэмжийг бууруулахгүй, сэтгэл зүйд нь нөлөөлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн урьд хэрэглэж байсан цолыг хэвээр үлдээж, ёслолын хувцсан дээр зүүж хэрэглэхээр түүнчлэн хууль сахиулах үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомж батлагдах хүртэл хугацаанд цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэгийн асуудлыг зохицуулсан журам баталж хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Мөн хуулийн төсөлд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх санхүү, ар талын албанд хамаарах алба хаагчдыг энгийн орон тоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, “Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, төсөв санхүү, дэд бүтцийг цагдаагийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд шилжүүлэх талаар тусгасан нь ийн хууль болж батлагдлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanhuuch(202.70.46.201) 2014 оны 01 сарын 17

Tsergiin alband ajillah gol sonirhol ni tsol bsan yum. Terte tergui engin bolj bgaa yum chine engiin gazar ondor tsalin avsan ni deer dee

0  |  0
Top