Говьсүмбэр аймгийн зам дээр энэ сарын 17-нд зам тээврийн ноцтой осол гарч, албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын ажилтны амь нас хохирчээ. Оройн 20.40 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт "Зам дээр явж байсан чиргүүлтэй авто машины дугуй шатаж байна" гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлынхан зургаан хүний бүрэлдэхүүнтэй галын хоёр автомашинтай очиход чингэлэгт жимс ачиж явсан том оврын чиргүүлтэй автомашины хойд дугуй шатаж байсан гэнэ. Онцгой байдлын алба хаагчид галыг унтраачихаад 21.20 цагийн үед машиндаа суух гэтэл хойд талаас нь гэнэт хурдтай тээврийн хэрэгсэл орж ирэн хоёр жолоочийг нь дайрч, нэгийнх нь амь насыг хохироож, нөгөөг нь хүнд гэмтээжээ. Талийгаач 48 настай, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт жолоочоор ажилладаг байж. Хурд хэтрүүлэн зам тээврийн осол гаргасан жолооч Зэвсэгт хүчний ажилтан, ахлах ахлагч цолтой хүн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )