Ё.Отгонбаяр нарын дэмжлэгтэй ZTE-ийн луйврыг нуусан Ч.Гансүхийн наранд гарах өдөр наашлах нь

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

 

Хуулийнхан  Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн толгойг илээд, хацрыг нь зөөлхөн алгадаад өнгөрч болзошгүй байна. Уг нь түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад анхан шатны шүүх рүү шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин  мөрдөн байцаалтаар түүний  хувийн дансаар бус хүүгийнх нь эзэмшдэг  аж ахуйн нэгжийн дансаар 10 гаруй тэрбум төгрөг эргэлдсэн болохыг тогтоосон ч, тэр нь  2008 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйлчлэлд хамруулах үндэслэлтэй гэх зүйл яригдаж байсан. Бүр тодруулбал, Ч.Гансүх нь өөрийн төрсөн эцэг Н.Чимэд болон хүүгийнхээ эзэмшдэг аж ахуйн нэгжтэй холбоотой татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлүүдийг 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн хуулиар ил болгож албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөх өршөөлд хамруулах боломжийг олж харсан гэгдээд байсан. Харин түүнд харьяалагдах албан тушаалын хэрэг нь шүүхээр орж таарна гэгдэж байсан бол хууль хяналтын байгууллагынхан сүүлийн үед түүнд холбогдох хэрэгт тун болгоомжтой хандах болсон нь хэвлэлийнхэнд анзаарагдаж байгаа юм.

 

Түүнчлэн Ч.Гансүх улстөр дэх нөмөр нөөлгөөрөө түшиц хийн ялаас мултрах сценарийн дагуух үйл явдлууд өрнөж байгаа талаар ч яригдаж байна. Тэгвэл тэр нь Ё.Отгонбаяр нарын нөхдүүд нэр холбогддог ZTE компанийн асуудалтай холбоотой талаар ч эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Дэлхийд харилцаа холбооны чиглэлээр тэргүүлдэг ZTE компани “Монголын харилцаа холбооны нэгдсэн сүлжээг өргөтгөх” тендерийг 45 сая ам.доллараар авахаар зүтгэж улмаар энэ бизнестээ манай улстөрчид болон тэдний гар хөл болсон албан тушаалтнуудыг ашигласны дотор Ч.Гансүхийн нэр ч бий.  Учир нь, ZTE компанид Монголд томоохон төслүүдэд ажилласантай холбогдуулан санхүү, татварын шалгалтыг Ч.Гансүх гардан хийсэн бөгөөд энэ нь түүнд их мөнгө олох бас нэг суваг болж өгсөн байж болзошгүй гэгдэж байсан.  Ер нь Ч.Гансүх нь өнгөрсөн жилүүдэд улстөрчдийн захиалгаар тэдэнтэй холбоотой татварын асуудлыг шийдэж өгч ирсний үр шим нь түүний хувийн дансуудаар эргэлдсэн их хэмжээний мөнгөний цаад эх үүсвэр нь гэх мэдээлэл ч байгаа.

 

Түүнд холбогдох хэргийн үүх түүхийг харвал анх мөрдөн байцаалтын явцад түүнд гурван данс байдаг нь тогтоогдсон бөгөөд тэдгээр дансуудаар нь 20 орчим тэрбум төгрөг эргэлдсэн нь илэрсэн байдаг.  Түүнчлэн Ч.Гансүхэд холбогдох хэрэгт түүний  хүү Г.Ганзул, түүний  эхнэр, түүний нууц амраг ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн,  Татварын ерөнхий газрын Улсын  төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа,  үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат нарыг  шалгасан. Харин шалгалтын явцад  бусад хүмүүст холбогдох  хэргийг тусгаарлан авч үлдэж,   Ч.Гансүхийг шүүхэд шилжүүлсэн юм. Гэтэл түүнд холбогдох  хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх дахин нягтлах хэрэгтэй хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон юм. Тэгснээр нийслэлийн Прокурорын газар хэргийг дахин шалгахаар болсон.  Эхлээд уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс  шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр  Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокурор түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн,  мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг  завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан  гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн дөрвөн  зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн юм.  Тэгээд харьяалал  тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд  хүргүүлсэн. Харин  Нийслэлийн шүүхээс  уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээр  шийдвэрлүүлэхээр тогтоосон ч, нэмэлт мөрдөн байцаалт  явуулахаар Нийслэлийн Прокурор руу буцаасан гэхчлэн ихээхэн явдал чирэгдэл болж өнөөдрийг хүрсэн.  Түүнчлэн прокурорууд үүнийг нь  эсэргүүцэж, дээд шатных нь  шүүхэд гомдол гаргаад байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байсан юм. Түүнийг  “Голомт” банкны дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан гэдгийг албаны эх сурвалж анх хэвлэлийнхэнд дуулгасан байдаг. Өөрийн нууц амраг болох байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 6-7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, хүү Г.Ганзулынхаа дансанд их хэмжээний мөнгө байршуулсан, Японд сурдаг эхнэрийнхээ данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн,  энэ хэрэгтээ аав, эгчийгээ татан оролцуулсан гэх мэдээлэл бий.  Мөн энэ хэрэгтэй холбоотой Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн  дарга Н.Энхбат нь эхнэр н.Охиноогийнхоо дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг. Гэвч хууль хяналтынхан энэ  хэргийг шалгаж тогтоочихоод, эцэслэн шийдэх болохоор өөр зуураа  бөмбөг шиг шидэлцэж байгаа нь, араасаа хар дагуулж байна.


Б.Итгэлт 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(103.26.194.60) 2014 оны 01 сарын 21

iim muusain luiwarchdyg shorond khiikheesee tur yunaas ni aidag baina aa

0  |  0
Top