Хос тангарагтан энхийг сахиулагчид шагнууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

Цагийн байдал тайван бус, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Судан улсын Дарфур мужид есөн сарын хугацаанд энхийг сахиулах үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэнцэргийн хээрийн II шатны эмнэлгийн  4 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд боллоо. Тус арга хэмжээнд БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын удирдлагууд, цэргийн багийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2010 оны 12 дугаар сараас эхлэн Судан улсын Дарфур муж дахь НҮБ-ын энхийг дэмжих “UNAMID” ажиллагаанд цэргийн хээрийн II шатны эмнэлгийн 68 цэргийн алба хаагчдыг оролцуулж эхэлсэн юм. Эмнэлгийн баг нь НҮБ-ын бие бүрэлдэхүүнд эмнэлгийн үзлэг, үйлчилгээ үзүүлэхээс гадна өөрсдийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн байрны барилга, инженерийн ажлуудыг давхар гүйцэтгэдэг.

 

Хурандаа Ш.Батсайхан захирагчтай цэргийн багийн 4 дүгээр ээлжийн цэргийн алба хаагчдын 24 нь эмэгтэйчүүд байсан бөгөөд багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа үндсэн үүргийнхээ дагуу  НҮБ-ын бие бүрэлдэхүүн, цагдаагийн бүрэлдэхүүн болон орон нутгийн ард иргэдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан бөгөөд НҮБ-ын 810, орон нутгийн 3330, нийт 4440 хүнд үзлэг, оношлогоо эмчилгээ хийж гүйцэтгэсэн юм. Мөн 11 мэс заслын  хагалгааг амжилттай хийжээ. UNAMID ажиллагааны хойд секторын бүсийн олон улсын эмнэлгийн эмч нарын хамтарсан сургалтыг анх удаа зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой, шинэлэг арга хэмжээ болжээ.

 

Суданы Дарфурт анх 2010 оноос тус ажиллагаанд манай цэргийн багийн 4 ээлж үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийт 15,000 гаруй НҮБ-ын ажилтан, албан хаагч болон цэрэг цагдаа, орон нутгийн иргэдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн нь маш том үзүүлэлт болохыг НҮБ-аас сайшаан мэдэгдсэн юм.  Одоогийн байдлаар тэнд 68 хүний бүрэлдэхүүнтэй 5 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүргээ гүйцэтгэж байна.

 

Ийнхүү эх орныхоо нэрийн хуудас болж дэлхийн энх тайвны төлөө өөрсдийн бие сэтгэлээ зориулан ажиллаж, үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн хос тангарагтай цэргийн эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчдыг төр засгаас үнэлж, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн багийн захирагч, дэд хурандаа Ш.Батсайханд “Цэргийн гавьяаны одон”, цэргийн багийн захирагчийн орлогч, дэд хурандаа Т.Мөнхжаргал, ахлах ахлагч М.Өлзийсайхан, ахлагч Л.Амартүвшин нарын 15 цэргийн алба хаагчийг “Африкт энхийн төлөө“ медалиар, дэслэгч Ц.Баттөр, Н.Түвшинжаргал, дэд ахлагч Д.Амгаланбаатар нарын 50 цэргийн алба хаагчийг “Энхийн төлөө” медалиар тус тус шагналаа.

 

Эх орон, Эр цэрэг, Тусгаар тогтнол... Эдгээр үгсүүд өөр хоорондоо нягт холбоотой, амин шүтэлцээтэй ойлголт бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энхийг сахиулагчид өөрсдийн хувь нэмрээ оруулсаар 12 жил болж байна. Энэ хугацаанд дэлхийн гурван тивийн 13 улсад үүрэг гүйцэтгэсэн 8560 гаруй энхийг сахиулагчдынхаа халааг авсан Зэвсэгт хүчний цэргийн багууд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлээ базааж ажиллагааны газар орон Өмнөд Судан, Судан, Афганистан, Конго, Баруун Сахар зэрэг улсуудад яг одоо үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top