19 уяачид улсын цол олгохоор боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, Улсын наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдаанд оролцсон уяачдад үндэсний спортын төрлөөр улсын цол олгуулах асуудлыг хэлэлцлээ. Хурдан морины салбар хороо үндэсний спортын холбоодоос ирүүлсэн саналыг хянаж, нэгтгэн боловсруулсан төсөлд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол, шалгуурыг хангасан байх зарчим баримталжээ.

 

Уяачдын амжилтыг тодорхойлохдоо морьд нь түрүүлж, айрагдахад олгосон гэрчилгээ, өргөмжлөл, диплом зэрэг албан ёсны бичиг баримт болон тухайн уралдааныг зохион байгуулсан спортын хороодын гаргасан шийдвэр, цувааг үндэслэсэн байхаар журамласан байна. Энэ журмыг үндэслэн улсын цол олгох болзол, шалгуур хангасан 19 уяачид улсын цол олгохоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр комиссын хуралдаанаас шийдвэрлэлээ. 5 хүнд Монгол Улсын тод манлай уяач,  4 хүнд манлай уяач, 10 хүнд алдарт уяач цол олгуулахаар санал орууллаа.

 

Морь уяж, сойж уралдуулдаг уяачдад нь биш морины эздэд улсын цол олох нь буруу. Энэ нь дэвжээнд барилдаж амжилт гаргасан бөхөд биш дэвжээний эзэнд аварга цол олгож байгаатай адил харагдаж байна гэсэн санал хуралдааны үеэр гарч байлаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн комиссын гишүүдийн саналыг Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны дарга, шадар сайд Д.Тэрбишдагва дэмжиж ажил хэрэг болгохыг үүрэг болголоо.

 

Тус хуралдаанаар Монголын морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн хурдан морины бүсийн уралдааны тов, зохион байгуулалтын талаар мөн хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top