Үдээс өмнөх чуулганаар байцаан шийтгэх хуульд өөрчлөлт орууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөр уламжлан Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилснаар иргэний өөрийгөө өмгөөлөх эрх болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэснийг зөрчсөн байна” гэх дүгнэлтийг олонхийн саналаар хүлээн зөвшөөрлөө.

Ийнхүү хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн  тус заалтад өөрчлөлт оруулахаар боллоо. Хууль тогтоогчид гомдол гаргах эрхийг заахдаа “хохирогч”-ийг орхигдуулсан байна гэж үзээд “хохирогч өөрөө болон түүний өмгөөлөгч нь гомдол гаргах эрхтэй” хэмээн оруулах санал гаргаж, олонхиор дэмжин баталлаа. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top