Хамгийн олон үхэртэй малчин Архангай аймгаас тодорчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Мал аж ахуй, газар тариалангийн салбарт тухайн ондоо ажил үйлсээрээ тэргүүлсэн малчид, тариаланчдыг Улаанбаатар хотод урьж шагналыг нь гардуулдаг уламжлал өнгөрсөн жилээс эхэлсэн. 2013 онд ажлаараа тэргүүлж, "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний фермер", "Улсын тэргүүний тариаланч", "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор шалгарсан шилдгүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өргөмжлөл, цол тэмдгийг нь Төрийн ордонд гардуулсан. Малчид, тариаланчид хөдөлмөр, амьдралын арга ухааныг улс орон даяар сурталчилж, олон хүнд хүргэх үүднээс малчны хотонд гардуулдаг байсан энэ шагналыг Улаанбаатарт олгодог болсон билээ.  Энэ жилийн хамгийн олон малтай иргэнээр Архангай аймгийн Их тамир сумын малчин Ч.Батзориг тодорчээ. Тэднийх 3871 толгой мал тоолуулж улсдаа тэргүүллээ. Харин хамгийн их орлого олсон малчнаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Ц.Загдаа тодорчээ. Тэрбээр 2013 онд нийтдээ 308.2 сая төгрөгийн орлого олсон байна. Хамгийн их мал зах зээлд борлуулсан малчнаар Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин С.Цэдэвсүрэн бичигджээ. Тэрбээр сүүлийн гурван жилд нийтдээ 709 толгой мал зах зээлд борлуулсан байна. Харин хамгийн их малыг малжуулахад өгсөн хүн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын малчин Г.Тогтохбаяр юм. Энэ хүн сүүлийн гурван жилд нийт 436 толгой малыг орон нутгийнхаа амьдралын түвшин доогуур өрх болон туслах малчинд олгож малжуулсан байна. Хамгийн олон тэмээтэй малчин Өвөрхангай аймгийн Богд сумын малчин Ж.Огтоно 2013 оны эцэст нийт 477 толгой тэмээ тоолуулсан бол хамгийн их адуутай малчин Завхан аймгийн Нөмрөг сумын малчин Д.Энхтайван нь 502 толгой адуутай гэнэ. Хамгийн их үхэртэй малчин Архангай аймгийн Хотонт сумын малчин Д.Жагар 1008 толгой үхэр тоолуулжээ. Харин Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчин С.Анден 2559 толгой хонь, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин Д.Баярсайхан 911 толгой ямаа тоолуулж улсдаа тэргүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Arhangai,Hotont sumiin irgen(103.26.193.14) 2014 оны 01 сарын 27

Ч.Батзориг3871tolgoi maltai bolood ulam haramch ,ulam ongoroo bayarhuu,ulam deerelhuu bolj baigaa daa. Hudooniihon bayajihaaraa hool ch hoiloogoor ni orohoo bolij shunaltdag yum. Ha ha h a .Orson garsan buusan zochilson humuust ch gants gaigui honi gargaad shol uulgachihgui yaj l baigaabol doo?

0  |  0
kkk(103.26.194.25) 2014 оны 01 сарын 27

Tegeed odoo yah uu bid nar

0  |  0
Top