Баян-Өлгийн экс Засаг дарга С.Хавал 30 байшин идсэн хэргээр АТГ-т шалгагдаж эхэлжээ. Яагаад чухам яг 30 байшингийн хэрэгт холбогдов гэхээр, 2012 онд Баян-Өлгийд “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр” гээчийг баталж, хэрэгжүүлэх гээд бөөн л ажил ундарсан юм байх.
Энэ хөтөлбөрийн хүрээнд аймгийн 13 сумын 30 багийг контооржуулахаар болжээ. Мэдээж энэ ажилд тендер зарласан ба “Нийслэл өргөө” компани тодрон гарсан байна.
Багуудын контоорт нийт нэг тэрбум 504 сая 430 мянган төгрөг зарцуулахаар төсөвлөсөн аж. За тэгээд, тендер “ёсоор” мөнөөх компани багийн төвийн байшинг барих гэж халтуурдахын дайтай халтуурдаж эхэлжээ.
Сумуудын удирдлагууд, багуудын иргэд энэ ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, удаа дараа шаардлага тавьсан ч нохой хуцсаны дайтай дохио өгч чадсангүй. Яагаад гэвэл аймгийн Засаг дарга С.Хавал “Нийслэл өргөө”-г цээжээрээ хамгаалж, шүүмжилж зүрхэлсэн этгээдүүдийг донгодож загнасан байна.
Тэр ч бүү хэл, аймгийн Мэргэжлийн хяналтаас шаардлага тавихад үл тоомсорлож, ажил эхлүүлэх ч зөвшөөрөл авалгүй барилга эхлүүлжээ. Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ч зохих зөвшөөрлүүдийг аваагүй болох нь АТГ-ын шалгалтаар илэрсэн аж.
Хамгийн гол нь 30 барилгын мөнгөөр 19-ыг л босгосон болж, ажлын тайланд 26-г барьсан гэж бичээд С.Хавалаар гарын үсэг зуруулжээ. С.Хавал энэ ажлыг гүйцээж улсын комисст ч хүлээлгэж өгсөн байна.
Ингээд Баян-Өлгийн 30 баг бүгд контоортой ч болоогүй, болсон нь одоо эхнээсээ ус дусаал гоожиж, ханынх нь будаг халцарч, ховхроод, хаалга үүд нь санжиганаад эхэлжээ. Тэгэхээр С.Хавал 30 байшин идсэн нь үнэн бололтой.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )