Эрх баригчид дөргүй бух шиг зүтгэх вий!

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 04

 

Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчийг цаашид ашиглах асуудал дээр талцсан байр суурьтай байгаа бол манай нөхдүүдийн зүгээс ураны асар их нөөцтэй байх боломжтой орны нэгийн хувьд ураны судалгааг өргөжүүлэх хэрэгтэй гэсэн зүйлийг хэлж ярьж буй. Түүнчлэн уран  эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүнс, аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрчим хүчинд өргөн ашиглагдаж  байгаа эрэлт ихтэй ашигт малтмалын хувьд бидэнд ээл дагуулна гэх гэх тодотгосон үгсийн араас явцдаа цөмийн эрчим хүчийг ашиглах нь ч зөв гэсэн зүйлийг яригсад байгаа. Гэтэл цацраг идэвхт ашигт малтмалын аюулыг мэдэрсэн улс орнуудын зүгээс  тэс өөр мэдээлэл ирсээр байгаа юм. Тухайлбал өнгөрөгч арванхоёрдугаар сарын сүүлээр Япон улсын .Парламентийн ордны гадна  цөмийн эсрэг тэмцэгчид эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахад мянга гаруй хүн цугларч цөмийн эрчим хүчнээс татгалзаж, 2011 оны Фукушимагийн гамшгийн дараа хаасан АЦС-уудыг дахин ажиллуулахгүй байхыг шаардаж байсан. Түүнээс гадна Фукушимагийн 1-р АЦС-ын 4-р реакторыг барилцсан Япон инженер АЦС нь угийн найдваргүй зүйл гэсэн мэдэгдлийг хийж, Тайвань улсыг цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашиглахыг уриалсан гэхчлэн олон мэдээлэл бий.

 

Тэгвэл манай тухайд Засгийн газраас цөмийн эрчим хүчний асуудлаар цаашид баримтлах бодлогыг нь харвал 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цөмийн цахилгаан станц ашиглах талаар ямар нэг зорилт тусгагдаагүй харагдах ч, энэ нь дэмжихгүй гэсэн үг биш. Засгийн тэргүүн хэлэхдээ 5-8 жил, түүнээс цааш хугацааны дараа тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд цөмийн эрчим хүчний станц байгуулах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан дээр боловсруулж, тухайн үедээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байгаа. Тэрчлэн улстөрчдийн ийм байр суурийн араас мэргэжилтнүүд ураны талаар магтан дуулсан үгсээ унагаж байгааг анзаарах хэрэгтэй.  Тухайлбал, академич П.Очирбат  “2012 оны байдлаар дэлхийн ураны 76 хувь буюу 14.7 мян.тн-ыг Казахстан, Франц, Канад, Австрали, Нигери, Намиб улсууд олборлож байна. Бусад орнууд 14.2 мян.тн, бүгд нийлээд 58.9 мян.тн уран дэлхий нийтээр олборлож байна. Ойрын 10 жилд ураны хэрэгцээ 100000 тн-д хүрэх тооцоо байна. Өөрөөр хэлбэл, 2030 онд шинээр уран олборлолтыг 45000 тн-д хүргэж нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч 10 улсын нэг болоод байна гэсэн дүгнэлтийг Францын “Арева” компанийнхан хийсэн байна. Монгол Улсын ураны бодлогын ойрын зорилт нь гадаадын хөрөнгө оруулалтаар судалгаа, хайгуул, олборлолтын ажил хийлгэж, эцсийн бүтээгдэхүүнийг “шар нутаг” түвшинд хүргэх зорилготой байна.

 

Цөмийн түлш үйлдвэрлэх түвшний боловсруулалт Монгол Улсад хийгдэхгүй. Харин уран үйлдвэрлэх дэлхийн зах зээлийн эрэлтэд нийлүүлэлт хийх боломжийг эх орныхоо эдийн засгийн өсөлтийг хангахад ашиглах хэрэгтэй юм. Ураны ордыг хайж олох (10 жил), нарийвчилсан хайгуул хийх (8-10 жил)-ээс олборлолт эхэлтэл 20 гаруй жил шаардагдах болно.  Монгол Улсад одоогийн байдлаар нээгдээд байгаа Дорнод, Чулуут, Хараат, Хайрхан, Дулаан- Уул, Зөөвч-Овоогийн ордуудыг ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрээд байгаа билээ. Уг ажлыг цаг алдахгүй эхлүүлэх нь эдийн засгийн чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улс дэлхийн эрдэс түүхий эдийн цогцолборт эзлэх томоохон орон зайн нэг төрлийн ашигт малтмал нь уран мөн юм.” гэсэн байгаа юм.

 

Судлаачид, мэргэжилтнүүд Монгол Улсын хөгжил дэвшлийг энэ онцгой ашигт малтмалтай уяж хараад байгаагаас гадна энэ салбарт гадныхны нөлөөлөл хэдийнэ хүчтэй ороод ирчихснийг Арева-гаас харж болно. “Арева Монгол” ХХК Монголын төрийн өмчийн “Мон-Атом” компанитай хамтран төслийн дагуу ажлаа үргэлжлүүлнэ гэж яриад байсанчлан дээрээ нэмээд Японы “Мицүбиши” корпорацийг оруулж ирсэн. Улмаар Монгол, Япон, Франц гурван улсын Засгийн газрын хоорондын түншлэл баталгаажсан билээ. Гэрээ ёсоор “Арева Майнс” компанийн 34 хувийг “Мон-Атом”, үлдэх хувийг “Арева Монгол” эзэмших бол  “Арева Монгол” компанийн 34 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг “Мицүбиши” корпорац хариуцахаар болсон.

 

За мөн 24 мянга орчим тонн буюу манай улсын хамгийн их ураны нөөцтэй Дорнод ордыг Монгол, Оросын хамтарсан  “Дорнод-Уран” компани ашиглаж эхлэх талаар яригдаад багагүй хугацаа өнгөрч буй. “Мон-Атом” ХХК 2012 оноос ОХУ-ын талын хөрөнгө оруулагч болох “Атомредметзолото” НХН-тай “Дорнод Уран” төслийг эрчимжүүлэх талаар яриа хэлэлцээрийг тогтмолжуулж, хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр ажиллаж байгаа гэх мэдээллийг өгдөг. Тэгэхээр  ураны олборлолт, боловсруулалтыг бүрэн дэмжсэн манай эрх мэдэлтнүүд хэтдээ цөмийн эрчим хүчийг ашиглах асуудал дээр ч бодлогоо зөөллөх нь харагдаад байгаа юм. Ямартаа л Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Малхийн тал гэх газарт Атомын станц барихаар Японы мэргэжилтнүүдээр шинжүүлж байсан нь 2 жил гаруйн өмнөх л үйл явдал. Үүнийг өгүүлэхийн учир нь манай эрх баригчид нэг л нартай өдөр дөргүй бух шиг зүтгээд Атомын цахилгаан станц байгуулахаар болсноо албан ёсоор дуулгаж мэдэхээр. Гол нь дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж байхад манайд эсрэгээрээ түүнийг магтан дуулаад байгаа нь зөв зам мөн үү гэдэг асуудал байна л даа.

 

Б.Итгэлт 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
Top