Баярын өдрүүдэд 408 хүн эрүүлжүүлэгдсэн байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 04

Сар шинийн баярын өдүүдэд цагдаагийн бай­гуул­лага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилла­сан билээ. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газраас Нийг­мийн хэв журам хамгаалах газрын Тусгай хамгаалалтын хэл­тэс, Дотоодын цэрэг­тэй хамтарч гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй иргэд цугладаг үзвэр үйлчилгээний газар, ху­дал­дааны төв, зах болон алслагдмал гэр хороо­лол орчимд эргүүлийн чиглэл нэмж "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон нийтийн газар үйл­дэгдэж бол­зошгүй гэмт хэрэг, захир­гааны зөрч­лөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Баярын өдрүүдэд цагдаа­гийн 102 тусгай дугаарын утсаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 5870 мэдээ­лэл хүлээн авч гэмт хэргийн шинжтэй 112 үйлдэл бүрт­гэгд­сэнээс 95 үйлдлийн сэжиг­тэнг тогтоож, амиа хорлох, өвчний улмаас болон бусад байдлаар нийслэлд 21, хөдөө орон нутагт 19, улсын хэмжээнд 40 хүн нас барсан тохиолдол бүртгэгд­жээ. Нийслэлийн хэмжээнд өдөр, орой, шөнийн эргүүлд давхардсан тоогоор 761 чиглэлд 1104 офицер, 2029 цагдаа, 212 автомашинтай үүрэг гүйцэтгэн хэв журмын зөрчил гаргасан 461 хүнийг 2.388.000 төгрөгөөр торгож, танхайрсан гурван хүнийг шүүхээр баривчлуулан, биеэ авч явах чадваргүй, согтуу­гаар зөрчил гаргасан 408 хүнийг эрүүлжүүлжээ. Харин осгож нас барсан тохиолдол гараагүй байна. Цагдаагийн албан хаагчид баярын өдрүү­дэд эргүүл хийж, хулгайн хоёр хэрэг, булаалт нэг, хүчингийн нэг, танхайн зургаан зөрчлийг халуун мөрөөр нь болон үйлдэл дээр илрүүлэн ажил­ласан байна. Ерөнхийдөө сар шинийн баяраар улс орон даяар онц ноцтой гэмт хэрэг гараагүй, тайван өнгөрс­нийг онцолж байв.  Харин  ахуйн хүрээний хулгайн хэрэг олон гарчээ.

Сар шинийн баярын өдрүү­дээр нийслэлийн Замын цагдаагийн газрын 443 албан хаагч 214 цэгт хоёр ээлжээр уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж, гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний зохицуулалт хийж, түгжрэлийг бууруула­хад онцгой анхаарч ажилла­сан байна. Хөдөлгөөний ачаа­лал ихсэх үед урсгал сөрж явах зөрчил их гардаг учраас замын цагдаагийн газрын өгсөн мэдээллийн дагуу Баянхошууны Хөтлийн зам,  нэгдүгээр хорооллын арын зам, Хилчин хотхоны зүүн тал, Дарь-Эхийн уулзвар зэрэг хэд хэдэн байршилд хөдөлгөөний урсгал тусгаар­лах хаалт байрлуулсан бол замын зорчих хэсэг нь эвдэр­сэн Баянхошуу, 3, 4 дүгээр хорооллын замыг шороо­гоор дүүргэж тэгшил­жээ. Сар шинийн баярын өдрүүдэд буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс энэ сарын хоёрныг хүртэл зам тээв­рийн ослын 1104 дуудлага Шуур­хай удирдлагын төвийн утсанд ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослоор 43 хүн гэмтэж, хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхис­наас осол гаргаж найман хүний амь эрсэджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top