Хямрал, зөрчилдөөнтэй байгаа Венесуэл улс АНУ-д том аюул учруулахаар байна гэж тус улсын Дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдлээ. Учир нь тус улсад иргэний дайн газар авч, хүн ард нь АНУ руу дүрвэж эхэлжээ. Цагаачлалын их урсгал нь АНУ-ын эдийн засаг болон хилийн аюулгүй байдалд нөлөөлөхийг тэрбээр хэлэв. Ерөнхийлөгч Доналд Трамп ч үүнийг анхааруулж байгааг М.Пенс илэрхийллээ. АНУ төдийгүй бүс нутгийн аюулгүй байдалд энэ улс нөлөөлж эхэлсэн байна.
Венесуэлд хоёр жилийн өмнөөс төрийн эргэлт хийх оролдлого гарч, ард түмэн нь Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардан жагсч эхэлсэн. Жагсаал сүүлдээ том үймээн самуун болон хувираад байгаа билээ. Латин Америкийн хамгийн баян орон байсан энэ улс эдийн засгийн гүн хямралд байна. Зарим хотуудад гэрэл цахилгаангүй болж, хүнс бараа хомсдон хулгай дээрэм, гэмт хэрэг газар авчээ.
Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улс оронд нь эмх замбараагүй байдал үүссэнд АНУ-ыг буруутгадаг. АНУ л тус улсад төрийн эргэлт хийх оролдогууд хийж байна гэж үзсэн Н.Мадурог Америкийн эрх баригчид дарангуйлагчаар нь дуудсан билээ. Иргэд ч амар тайван улс орноо сүйрүүлж байгаа Ерөнхийлөгчийгөө дарангуйлагч гэдэг юм. Тус улсын парламент Н.Мадурог огцруулах санал хураалт явуулахаар хэд хэдэн удаа оролдоод бүтээгүй. Учир нь Мадуро Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хүрээнд санал хураалтыг түтгэлзүүлчихдэг билээ. Иймээс тус улсын сөрөг хүчин болон армийн зарим хүн төрийнхөө эсрэг хэд хэдэн удаа боссон. Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард армийн том цолтой байсан нэгэн залуу нисдэг тэргээр Дээд шүүхийнхээ байран дээгүүр эргэлдэж, хоёр гранат хаясан нь олон улсын анхаарлыг Венесуэлийн зүг хандуулсан билээ. Энэ явдлаас хойш төрийн эргэлт хийх оролдлого гараагүй ч үймээн үргэлжилсээр байна. Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн, Миранда мужийн захирагч Энрике Каприлесийн хэлж байгаагаар, тус улсын арми иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэжээ. Үймээний үеэр олон арван хүн амь үрэгдсэнд зөвхөн жагсагчид буруутай биш гэнэ. Венесуэлийн арми сөрөг хүчнийхээ эсрэг мөн зэвсэг барьсан байна.
АНУ Венесуэлийн төрийн мэдлийн компаниудын эсрэг хориг тавьснаас хойш Николас Мадуро Америктай харилцаагаа сэргээх ямар ч шалтгаан олж харахгүй байна гэсэн юм. АНУ тус улсын дипломат ажилтнуудыг нь улсаасаа гаргаж, Ерөнхийлөгчийг нь хар жагсаалтад оруулсан бол Мадуро “Манай улсын эсрэг явуулж байгаа түрэмгийлсэн бодлогоо зогсоохыг Ерөнхийлөгч Доналд Трампаас хүсч байна. Венесуэл улс бол Карибын бүс болон Латин Америкийн тогтвортой байдлын суурь” гэсэн юм. Мадурогийн хэлж байсанчлан иргэний дайн болж, ард түмэн нь эх орноосоо дүрвэхэд хүрээд байна. Тэд АНУ руу очиж эдийн засагт нь дарамт учруулах байсан бол Вашингтон Венесуэлд төрийн эргэлт хийх гэж оролдож, жагсагчдыг нь санхүүжүүлээгүй л баймаар.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 3 )
Tom gurnuudiin bodlogo ymdaa baigaliin baylagtai jijig ulsiig ehleed boslogo uimeen bolgood araas n tur zasag tuslamj neriidleer tsereg ee oruuldag yg unendee uunii tsaana tom kompaniud l bga harj bai hoid solongosru amerik heze ch dairahgui ashiggui baylag bhgui yduu uls shuude
АНУ дотоод хэрэгт нь оролцож буй нь үнэн байхаа. Тэгээд өөртөө лай хурааж дээ.