Хар алтны ХААН ОРД таван жил өрөнд явав

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

ХАР АЛТ -НЫ ХААН ОРД ТАВАН ЖИЛ ӨРӨНД ЯВАВ

Хоёр толгойн хувь заяа их ойролцоо. Нэг нь зэс, нөгөө нь нүүрсний орд газар гэдгээрээ л өөр. Бусдаар бол өрөнд өгөгдөөд, бид урьдчилж авч сонгуульд зарцуулснаараа ижилхэн зовлон эдэлж яваа ордууд. 2011 оны зун Тавантолгойн Зүүн Цанхийн нүүрсээр дэнчин тавьж 350 сая ам.долларын зээлийг БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас авч, нүүрсээ оронд нь өгөх шийдвэрийг Сү.Батболдын Засгийн газар гаргасан юм. Ингэж “Чалко”- гийн гэрээ хийгдэж, Тавантолгой дахь Монголын өр, зээлийн муу түүх үргэлжилсэн. Эх орны хишиг, эрдэнийн хувь хүртээнэ гэж нэгэнт амласан хойно “Чалко”-оос авсан 350 сая ам.доллараа 21 мянга, оюутны сургалтын төлбөр гэх зэргээр бүрэн тарааж дуусгасан билээ. Нэг тонн нүүрсээ 50 ам.доллараар өгч байсан С.Батболдын гэрээг Н.Алтанхуяг улам дордуулж 30 гаруйхан ам.доллараар өгөх гэрээ хийсэн. “Эрдэнэс Тавантолгой” компани тайландаа тусгаснаар “Баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулснаар 2013 онд 2.1 сая тонн нүүрс борлуулж, 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2014 онд 5.7 сая тонн нүүрс борлуулж, 400.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан амжилт үзүүлээд байна” гэжээ. Дэлхийд тэргүүлэх коксжих нүүрсний орд маань жилд ердөө 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, түүндээ баясаж суугаа нь үнэхээр инээдэмтэй хэрэг юм. Энэ хугацаанд төмөр зам, нүүрс угаах үйлдвэр барих, гэрээнд өөрчлөлт оруулах тухай улстөрчид ярьсаар байсан боловч бодит ажил болсон нь үгүй. Тавантолгой өгөөж өгөх гэхээсээ илүүтэй өрөндөө нүүрсээ зөөсөөр өдийг хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд Монголчууд нэг хэрэглэгч, нэг зах зээлтэй байхын зовлонг Тавантолгойгоос бишгүй дээ л амсаж байна. Баруун цанхийг ашиглалтад оруулсан ч зөвхөн нэгхэн хэрэглэгчтэй улс түүний тоглоомын дүрмээр явдаг юм байна. ОХУ, Япон гээд гуравдагч зах зээлтэй болох нь нүүрсээ үнэд хүргэх эцийн боломж гэдгийг ойлгуулж, өнгөрсөн жилүүд бидэнд том сургамж үлдээлээ. Нөгөөтэйгүүр гадагшаагаа Хятад гэсэн ганцхан хэрэглэгчтэй мөртлөө, дотооддоо нүүрсний үнэ нь өөр өөр байж, нэг цонхоор харилцаж чадаагүй нь Монголын нүүрс үнэгүйдэх бас нэгэн шалтгаан болж ирсэн юм.

Д.БЯМБАСҮРЭН: БАЯЛГАА ГАДНЫХАНД ЦӨЛМҮҮЛЭЭД БАЙХААР ЭДИЙН ЗАСАГ ӨӨДЛӨХГҮЙ

Эдийн засаг хүндэрсэн, өр зээлийн дарамт үүссэн энэ үед туршлагатай эдийн засагчийн санал зөвлөгөө чухал. Тиймээс Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуайн байр суурийг сонслоо.

Монгол Улсын эдийн засаг сайнгүй байна. Дампуурал зарлах хэмжээнд ч очиж магадгүй гэж эдийн засагчид анхааруулж байна. Үүний үндсэн шалтгааныг та юунаас хамаарч байна гэж харж байна вэ?

Монгол орон чинь буддын соёлтой орон. Буддын сургаальд “Зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж сургадаг нь хамгийн энгийн мөртлөө үнэн зүйл шүү дээ. Эдийн засаг хямарч буй гурван шалтгаан байна. Баялгийн эзэн байж эзэмшихийн оронд баялгийг гадныхны гарт өгснөөс болоод уул уурхай, эрдэс баялгийн нөөц Монголд үр ашгаа өгөхгүй байна. Жишээлбэл, Оюутолгой гэхэд жилд гурван тэрбум долларын экспорт хийж байна. Монголд 10 хувь нь л орлого болж орж ирээд бусад нь гадны хөрөнгө оруулагчдын ашиг болж байна. Монгол зөвхөн зэс гаргасан гэсэн тоо бариад л хоцорч байна. Үйлдвэр хөгжиж байна, гадаад худалдааны тэнцэл сайжирч байна гэж ярих ч доллар орж ирэхгүй байна. Валютын нөөц ховордоод, ханш унаад, бүтээгдэхүүний үнэ өсч олон түмний амьдрал хэцүүдлээ. Эхний шалтгаан нь энэ юм. Хоёрдугаарт сүүлийн 10-аад жилийн турш уул уурхайг хөгжүүлэх бодлогыг түлхүү явуулж ирлээ. Уул уурхай гэдэг бол хамгийн тогтворгүй зах зээлийн салбар. Үнэ нь олон жилийн дунджаасаа 100 хувь өсч болно, доошоогоо 50– 60 хувь ч унаж болдог салбар. Тэгэхээр уул уурхайн үнэ унасан энэ үеийг эдийн засаг даахгүй байна л даа. Гурав дахь шалтгаан нь төсвийн дарамт маш их байна. Эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн төсөв баталдаг. Монголын төсвийн уутны ам тоссон аж ахуйн нэгжүүд олон болжээ. Тендер авна, үнэ өртгөө нэмнэ. Төсвийн зардлаа нэмсээр байгаад ийм байдалд хүргэлээ.

Энэ хүндрэлээс гарах ямар арга зам байна вэ?

Гарах арга замыг хоёр хувааж үзэж болно. Эдийн засгийнхаа дүрийг өөрчлөх Эдийн засаг хүндэрсэн, өр зээлийн дарамт үүссэн энэ үед туршлагатай эдийн засагчийн санал зөвлөгөө чухал. Тиймээс Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуайн байр суурийг сонслоо. хэрэгтэй байна. Бид уул уурхай гээд байдаг. Гэтэл нөгөө талдаа хониныхоо ноосыг талд овоолоод хаяж байна шүү дээ. Хөдөө аж ахуйн түүхий эдээ боловсруулах үйлдвэрээ дэмжээд явсан бол ажлын байр нэмэгдэнэ. Бид 70 сая малтай улс. Аймаг бүрт махыг өндөр технологиор боловсруулах жижиг үйлдвэр байгуулаад бүтээгдэхүүнээ гаргах юм бол хэрэглэгчдэдээ сайн чанарын бүтээгдэхүүн өгөөд зогсохгүй гадаад зах зээлд ч гарах боломжтой болно. Нөгөө талаас байгаа нөөц бололцоогоо зөв юманд зарцуулах хэрэгтэй. Тухайлбал, Хөгжлийн банкны шугамаар авсан Чингис бондын хэдэн тэрбум долларыг үр өгөөжгүй зарцуулалт хийж хаяад төлбөрийн чадваргүй болж байна. Ямар ч хөрөнгө оруулалт хийлээ гэсэн үр ашгийг нь тооцоод эргүүлээд өөрийнхөө орлогоор зээлээ нөхөх чадвартай байх ёстой. Гуравдугаарт, Монголын эдийн засаг импортоос маш их хамааралтай байна. Жишээлбэл, газрын тосны жилийн хэрэгцээ гэхэд тэрбум доллар давсан байна шүү дээ. Гэтэл бид газрын тосныхоо олборлолтыг гаднын компанид өгчихөөд өөрсдөө гаднаас доллараар шатахуун авч байна. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгож сэргээх ёстой.

МОНГОЛ УЛСЫН ИХ ӨРИЙН ХЭМЖЭЭ

Монгол Улсын нийт гадаад өр 2010 оны эцэст 5.9 тэрбум ам.доллар байсан бол 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 23.4 тэрбум ам.доллар хүрээд байна. Засгийн газрын гадаад өрийн өсөлтийг авч үзвэл 2011-ээс 2012 онд 94 хувиар өссөн ба энэ нь Олон улсын зах зээлд гаргасан Чингис бондын нөлөө юм.

Эх сурвалж: Монголбанк

ЭНЭ ЖИЛ 6,6 ИХ НАЯДЫН ӨР ТӨЛНӨ

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар төсвийн жилд төлөх гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөрт нийт 1 их наяд 345.1 тэрбум төгрөг төлнө. Харин Засгийн газрын зүгээс гадаад дотоод зээллэгийн үндсэн төлбөрт нийт 5 их наяд 371.1 тэрбум төгрөгийг дараах хуваарийн дагуу төлнө. Зээлийн хүүтэй нийлээд 6,6 их наяд төгрөгийг энэ жил өрийн төлбөрт төлөхөөр байна.

4.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ДУУДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Үе үеийн Засгийн газруудын өр зээл нэмэгдүүлж ирсэн баримтыг бид дэлгэж байна. Хамгийн ноцтой нь, эдгээр зээл бүгд хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүсчээ. Зээл хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүссэн гэдэг нь тухайн зээлийн хөрөнгө оруулалт, зарцуулалт маш муу байгаагийн нэг илрэл. Чанаргүй зээл, муу төсөлд хөрөнгө оруулсны үр дүн нь хугацаанаасаа өмнө дуудагдах, зээлээ төлж чадахгүйд хүрэх явдал байдаг. Доорх зээлийн талаарх тоо баримт бол 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монголбанкнаас гаргасан албан ёсны мэдээлэл юм. Уг мэдээлэл нь хэвлэлд гарч байгаагүй бөгөөд “Зиндаа” сэтгүүл анх удаа дэлгэж байна. Хөгжлийн банк үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банкны баталгаатайгаар олон улсын хөрөнгийн болон гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээлүүд болох 4.5 тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютын эх үүсвэрүүд хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах өндөр эрсдэл бий болжээ. Түүнчлэн Хөгжлийн банкны 105.4 тэрбум ам.долларын зээл хугацаанаасаа өмнө дуудагдаж эхэлсэн байна. Энэ бол өнөөдөр эдийн засагт аюулын харанга дэлдэж буйн дохио юм.

105.4 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ХУГАЦААНААСАА

ӨМНӨ ДУУДАГДАХ ЭРСДЭЛ ҮҮСЧЭЭ

Хөгжлийн банкны 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаарх санхүүгийн үзүүлэлтүүд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээний зүйл заалтыг зөрчиж улмаар тус банкны 105.4 сая ам.долларын эх үүсвэр хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүссэн байна.

Нийтлэлийн нэгдүгээр хэсэг: Оросын их өрөөр Монголд хийсэн бүтээн байгуулалт

Нийтлэлийн хоёрдугаар хэсэг: Зөвлөлт холбоот улсын ИХ ӨР гэж юу вэ?

Нийтлэлийн гуравдугаар хэсэг: Оюутолгойн гэрээ дөрвөн тэрбум ам.долларын өр нэмэгдүүлэв

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ii(41.85.161.129) 2017 оны 12 сарын 07

jhgyu

0  |  0
zet(66.181.181.36) 2017 оны 12 сарын 06

UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI TAAJ BODDOG GEJ HELEED BAIVAL BUYN BOLNO

0  |  0
Top