Парламентад Урлагийн бүлэг байгуулъя

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

Ардчиллын түүхэнд цагийн цагт гээгдэж, хаягдаж ирсэн салбар бол урлаг, тэр тусмаа утга зохиолын салбар. Харин өнөөдөр парламентад урлагийн салбараас чамгүй хэдэн төлөөлөлтэй болсон нь урлагт элэгтэй хэн бүхний талархлыг хүлээгээд байна. Гэвч зарим хүмүүс “Дуугаа дуулахгүй энд юугаа хийж явна вэ”, “Шүлгээ л бичнэ биз. Энд түүний хэрэг байхгүй” гэх зэргээр ад шоо үзэх нь бий. Тэднийг ад үзэх хэрэггүй. Парламентад сууна гэсэн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хэн нэгэн өргөж аваачаад суулгаагүй юм. Сонгогч таны санал хүсэлтээр суудал эзэлсэн эрхмүүд гэдгийг юуны өмнө ойлгох хэрэгтэй.

Тэр тусмаа дуучин С.Жавхлан бол өнгөрөгч 2016 оны сонгуулиар үнэмлэхүй санал цуглуулсан хуруу дарам цөөн хүний нэг гээд бодчих. Тэгэхээр урлаг, утга зохиолоос парламентад сууж байгаа хэдэн нөхөд улстөр, эдийн засаг, том том стратеги ярьж бүлтэрч суухаар Монгол Улсын урлаг соёл, утга зохиолд томоохон бодлогын алхам хийх учиртай. Ингэж чадаж гэмээнэ та бүхнийг сонгосны хэрэг гарна. Түүнээс та нар хэнд хэрэгтэй юм бэ. Тэднийг эдийн засагт реформ хийгээд, уул уурхайн салбарт эргэлт гаргаад явна гэдэгт би лав хувьдаа итгэхгүй. Тэд чадах ч үгүй. Өөрсдөө л гулгуулахын тулд харьд тал засдаг болохоос бус эдийн засаг болон бусад салбарт боловсорч мэргэшсэн нөхөд парламентад олон бий.

Түүний оронд дэлхийн даяаршлын хөлд гишгүүлэн өдрөөс өдөрт алдагдаж байгаа уламжлалт урлаг, хэл соёлоо аварч үлдэх бодлого боловсруулах хэрэгтэй. Тэр тусмаа хариас даяалж оруулж ирсэн дутуу гачуу уран зохиолын золиос болж байгаа эх сайхан хэлээ аврах талаар бодлого ярих ёстой болжээ. Ярих бус бүр хэрэгжүүлэх цаг нь болжээ.

Өнөөдөр УИХ-д дуучдаас УГЖ С.Жавхлан, дуучин Тимон буюу Н.Учрал байгаа бол яруу найрагчдаас “Болор цом”-ын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат, яруу найрагч Л.Энх-Амгалан нар бий. Сүүлийн үед Д.Оюунхорол гэх найрагч ч тодроод буй. “Зангаараа амраг” дууг хит болгож, шүлгийн ном хэвлүүлсэн Д.Лүндээжанцан байна гээд бодохоор парламентад бүлэг байгуулах хэмжээнд урлаг, утга зохиолын салбарын төлөөлөл байна. УИХ-ын хуульд зааснаар наймаас дээш хүнтэй бол бүлэг болчихож байгаа учраас хэн нэгэн эхлэн бичигч, хэн нэгэн эхлэн дуулагчийг уруу татахад л бүлгийн хэмжээнд баг бүрдэнэ. Тэгэхээр дээрх эрхмүүд бүлгийн хэмжээнд урлагийг парламентад төлөөлж байна гэсэн үг.

УИХ-д Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо гэж байдаг ч өдөр тутмын хөтөлбөрөөс цааш хэтэрдэггүй. Тэнд хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж, сайндаа л сурах бичгийн хүртээмж ярихаас хэтэрч байсан түүх үгүй. Тэд нараас үндэстний хэмжээний бодлого харалтгүй. Салбарын яам байдаг ч нийгэмд тулгамдсан өдөр тутмын асуудлаас бас л хэтэрч харсан удаа байхгүй. Хэтэрч харах боломж  ч алга. Өдөр тутмын хөтөлбөрөө давж харахаараа Кембриж гэх мэт гадны хөтөлбөр оруулж ирнэ. Шинэ тутам хөтөлбөрөөр далимдуулан боловсролын тогтолцоонд гажуудал үүсгэнэ. Магадгүй Монгол хэл уран зохиолын хичээлийн цагаас хумаслана гэх зэрэг үндэстний эсрэг ажиллагаа л явж ирсэн түүхтэй салбар. Орчин үеийн дэвшилтэт технологи, дэлхийн хэмжээний өрсөлдөх чадварыг үгүйсгэж байгаа хэрэг огт биш. Үүнийг манай яруу найрагчид, дуучидгүйгээр хийчих хүмүүс байгаа учраас та бүхэн минь чадахгүй бүхнээ хойш тавиад хэл соёлоо хэвээр нь хадгалах, дэлгэрүүлэх тал дээр ажиллах хэрэгтэйг сануулсан хэрэг.

Хуучин цагт бол манай зохиолчид номоо улсын зардлаар хэвлүүлээд дээр нь шагналын мөнгө гэж хэдэн мянгаар тоологдох өртөг авдаг байсан нь дөнгөж өчигдрийн явдал. Харин өнөөдөр бол зах зээл, цэвэр өрсөлдөөний зарчмаар явж байгаа учраас Төрөөс цомгийг нь гаргаж өгөөд, номыг нь хэвлэж өгөөд байхыг хэлээгүй юм. Ерөөсөө үндэсний уламжлалт загвар, хэл соёлыг тээж яваа хэдэн уран бүтээлчдийг дэмжих зорилгоор Монгол Улсыг Монгол Улс чигээр нь авч үлдэх бодлого л өнөөдрөөс хэрэгжих учиртай. Хэл соёл устахаар юу болдгийн жишээг бид мөн ч их уншсан даа. Хамгийн ойрын жишээ гэхэд XX зууны эхэн үе хүртэл хүчирхэг мандсан Манж чин улсын түүхийг хар. Одоо түүх ч үгүй болохдоо тулж.   

Түүнээс парламентад С.Жавхлан уул уурхайн чиглэлд ямар технологи санал болгож чадах юм бэ. Юу ч мэдэхгүй. Ж.Мөнхбат эдийн засагт ямар схем зурж чадах юм бэ. Гадарлах ч үгүй. Өөртөө байгаа, өөрт нь итгэж сонгосон ард түмний зүрх сэтгэлийн хүслээр явахаас бус чадахгүй зүйлээ яриад бай гэж сонгоогүй л болов уу.

Д.Лүндээжанцан найрагчийг бол хуульгүйгээр хаашаа ч ойлгож чадахгүй парламентийн нэг дархлаа болсон чухал хүн. Л.Энх-Амгалан шүлэгчийг “Эм Си Эс”-гүйгээр ойлгож болохгүй шиг түүнийг бизнес эдийн засгийн чиглэлд парламентад байх цөөхөн дархлааны нэг гэж болно. Тэр дуучин Тимон энэ тэр бол өнөөдөртөө нүүрсээ тараагаад явж л байг. Хэтдээ хэн болохыг нь харах өдөр ирнэ.

Тэгэхээр УИХ дахь Урлагийн бүлгээ байгуулаад гайгүй удирдах хэмжээнд гаршсан Ж.Мөнхбатаар толгойлуулчих. Эсвэл “Хамаг Монгол” төслийг туургатны хэмжээнд босгож асан С.Жавхлан байсан ч болно. Энэ хоёрт байх хамгийн том шалтгаан нь хоёулаа тэмцэгч чанартай улс учраас зохицох талтай. Хуулийнх нь гаргалгааг Д.Лүндээцанцан үдийн цай уух зуурт л хэлээд өгнө. Эдийн засийн тооцоог Л.Энх-Амгалан оройн хоолны үеэр л зураад өгчихнө. Өөр юу ч хэрэггүй. Гагцхүү тэмцэх л үлдэж байна. Урлагийн бүлгийнхэн чуулганы хуралдаан хаяж бойкот үзүүлж болно. Урлагийн бүлгийнхэн Засгийн газар, УИХ-д асуудлаа өргөн барж болно. Урлагийн бүлгийнхэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө бизнес бүлэглэлийг айлгаж болно гээд давуу талууд хууль эрх зүйн орчинд үүсч байна.  

Гэхдээ хэн нэгэн бизнесмэн, бизнес бүлэглэлийн эрх ашгийн дуу хоолой болчихож болохгүй. Захихын учир бий. УИХ-д Урлагийн бүлэг байтугай бүхэл бүтэн нам, аймаг, улс орон залгичихсан нөхөд гэмгүй царайлаад сууж байгаа шүү дээ.

С.Ууганбаяр  

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(112.72.11.115) 2018 оны 02 сарын 02

Hudalch hulgaich luiwarchin hun dairch alsan huchindegch deeremchin g.mynz buriin buzar bulai teneguudiin hyramtsag

0  |  0
Иргэн(66.181.161.18) 2018 оны 02 сарын 02

УИХ хурал иргэдийн хурал байх ёстой. Гэтэл нам шургалчихсан. Ингээд тэр ” манин ” болчихсон. Хөөрхий, хөөрхий.

0  |  0
ьь\иргэн(202.179.26.35) 2018 оны 02 сарын 02

Наад их хуралд эрдэмтэн мэргэд гэх нэгч хүн байхгүй харин буруу гарын эрдэмтэд ихэнх байгаа байх.Мэрэгжилийн биш сайдууд яаж баллаж байгааг хүн бүхэн харжил байгаа биз дээ. Сэтгүүлчид урлаг соёлынхон нүүр нь хагарсан ярьж л чаддаг хүмүүс хөөрхий бөхчүүд нэг хэсэгтэй л хаана яваагаа нэг их ойлгохгүй улаа бутарсан хүмүүс байдаг шүү.

0  |  0
lordiin zasag(66.181.181.224) 2018 оны 02 сарын 01

ERDEMTEDIIN BULEG BAIGUUL

0  |  0
Top